Би сайд болохгүй юм бол хэн ч сайд болохгүй
2014-10-24

Улс төр утгаа алдлаа

өб

Намрын гацаа

ө

Монголын төрд ээлжит гацаа үүслээ. Гэм биш зан юм. Улс төрчдийн энэ зан(өвчин ч гэмээр юм уу) хавар, намартаа тогтмол хөдлөх ба зарим нь “хаврын шизоорол”, “намрын хийрхэл” гэх зэргээр өхөөрдөн, хүлээж яддаг ч байх шиг. Ажиглалтаас үзэхэд төрийн гацаа, Засгийн газраа огцруулах хийрхэл Ардчилсан нам засгийн эрх барих үед илүү олон тоогоор дэгддэг. Өөрсдөө энэ дутагдлаа давуу тал болгон харуулах гэхдээ “нээлттэй, ил тод юмаа нуудаггүй учраас”, “дотоод ардчилал сайтай болохоор” хэмээх тайлбар зүүсээр, сонгогчид “тийм л байх” гэж итгэсээр өдийг хүрчээ.

ө

Монголын улс төрд 24 дэхь жилдээ уламжлагдан хөгжиж байгаа “огцруулах урлагийн” энэ намрын тоглолтын сэдэл, шалтгаан нь сайд болж үзэх гэсэн зарим нэгний тэчъяадал гэдэг нь улам бүр тодрон харагдаж байна. Нэгэнтээ болох зүйлийг яриад ч яах юм билээ. Тэрэнд орвол асуудлын гүн рүү, мөн чанар луу өнгийж харвал яасан юм бэ.

ө

“Шинэчлэгч” Ерөнхий сайдыг “илүү шинэчлэгч” Ерөнхий сайдаар солиод байдал сайжрах нотолгоо байна уу?

ө

Ерөнхийлөгчийн шаардаад байгаачлан Засгийн газрыг “дан дээлтнүүдээр” бүрдүүллээ гэж төсөөлье. Юу өөрчлөгдөх юм бэ? Бидний мэдэж, хараахан таньж амжаагүй яваа “суут” нэгнийг олж илрүүлээд Шинэ Ерөнхий сайдаар тавьлаа гэж саная. Тэр юу хийж чадах юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй, юу хийж чадахгүй гээд бооцоо тавьчихсан ч болно. Яагаад гэвэл хэн ч байсан, юу ч хийж чадахгүй тийм суурь тогтолцоог бид 22 жилийн өмнө хуульчлаад, батлачихсан. УИХ-ын гишүүн  М.Батчимэг Улаанбаатарын эдийн засгийн клуб дээр тавьсан “Засаглал ба хөгжил” илтгэлдээ энэ талаар маш тодорхой ярьжээ.

ө

Тэрээр “Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид тархаан хуваарьласан байдаг нь хариуцлагын тогтолцоог үгүй болгож байгаа юм. 1992 оны Үндсэн хуулиар сайд нарыг танхимын тэргүүн Ерөнхий сайд нь биш, УИХ-аас шийдэж томилдог нь гишүүд бүлэглэж, дундаасаа нэгнийгээ сайд болгох гэж Ерөнхий сайдаа дарамтлах үндсэн шалтгаан нь болдог” гэдгийг дурдаад  “намууд дүрмэндээ фракци байгуулахыг хориглож, одоо байгааг нь тараалаа ч Үндсэн хуулийн энэ зохицуулалт хэвээрээ байгаа цагт гишүүд албан бусаар фракци, бүлэг үүсгэн Засгийн газрын бүрэлдэхүүн, хувь заяаг шийддэг, улс төрийг тогтворгүй болгодог байдал арилахгүй” гэдгийг зоригтойгоор хэллээ.

ө

Монгол Улсад сүүлийн 24 жилд 14 Засгийн газар солигдож, П.Жасрай, Н.Энхбаяр хоёр л Ерөнхий сайдаар 4 жил ажиллаж үзжээ. Тэгвэл Их Британи өнгөрсөн 20 жилд Ерөнхий сайдаа 3 удаа сольж, Герман сүүлийн 32 жилийн туршид 3 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Ерөнхий сайд нар нь агуу хүмүүс байсандаа биш тогтолцоо нь тогтвортой байдлыг үүсгэх чадвартай байсандаа л тэд хожсон юм.

ө

Харин бид Үндсэн хуулиараа хичнээн сайн Засгийн газар байлаа ч тогтворгүйтэх тогтолцоог бий болгочихжээ. Үүнийхээ горыг ч 22 жил амслаа. Бидний сонгосон тогтолцоо нэг л биш гэдгийг олон жилийн турш ярьж байгаа ч өөрчлөх хүч, боломж хүрэлцэхгүй байгаа. 2009 оны хавар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа одоогийн УИХ-ын дарга З.Энхболд ингэж ярьж байжээ. “1992 оны Үндсэн хууль анх боловсруулж оруулж ирэхдээ цэвэр парламентын засаглалтай улс болохоор байсан. Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод хувирчихсан. Парламентын ч биш, Ерөнхийлөгчийн ч биш хоёрын хооронд улс болгосон учраас сүүлийн жилүүдэд хоёрдмол системийн дутагдалтай, алдаатай талуудыг мэдэж байна”

ө

Нөгөө талаас бодитоор бодвол ойрын хугацаанд бид Үндсэн хуулийнхаа гажгийг засч чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар л Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг тээгийг тэртээ 1992 онд 430 “нэгдлийн дарга” хийчихсэн. Тэгэхээр бодит байдалтайгаа эвлэрч, хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд хамгийн оновчтой хувилбарыг сонгох л үлдэж байгаа юм. Оновчтой хувилбарыг сонгохын тулд хожоо, хохиролоо тооцох хэрэгтэй болно.

ө

Засгаа унагасны хожоо нь юу байх вэ?

ө

“Би сайд болохгүй бол хэн ч сайд болохгүй” хэмээн зүхэж яваа зарим хүмүүсийн сэтгэл амаржин тэнийх байх. Тэгээд өмнөх сайдуудаас илүү гэдгээ харуулах, нотлох гэхдээ зүсэн зүйлийн шинэ санаачлага гаргана. Түүнийг сайд болгох гэж бүлгэмдсэн хүмүүс, ах дүү, амраг садан, найз нөхдөө “ажилгүйдлээс” ангижруулах байх. За, магадгүй “өрийн таазыг дээшлүүлэхгүй” гээд байсан тээг алга болж, гаднаас жаахан зээл оруулж ирээд, тараах байх. Учир нь шинэ сайд нарт шинэ ажлаа хийхэд нь их мөнгө хэрэгтэй. Тэр нь одоогоор төрийн дансанд байхгүй. Гэхдээ энэ бүхэнд ямар ч батлагаа байхгүй. Яагаад? Унасан бөх ууртай гэдэг. Унасан сайдууд бүр ч ууртай байдаг.

ө

Засгаа унагаснаас гарах хохирол нь юу байх вэ?

ө

Өөрсдийг нь унагасан хуулийн заалтыг унасан сайдууд ч ашиглах эрх хуулиараа нээлттэй. Тэгэхээр урдахаа унагаж гарч ирсэн Засгийн газрын унах магадлал 80 хувьтай. Улс төрийн тогтворгүй байдал зайлшгүй гэсэн үг. Тогтворгүй байдал даамжирвал УИХ төсвөө батлаж чадахгүй. 12 сарын 1-нээс өмнө төсөв батлагдахгүй бол УИХ тарна. Яаж ийгээд төсвөө батладаг юм гэхэд үлбийсэн төсөв л болно. Төрийн албан хаагчид энэ өвөл цалин тасрах, хойшлох, танагдах эрсдлийг амсах төлөв илэрхий ажиглагдаж, төсөв хомсдолтой батлагдахаар байгаа. Валютын нөөц дуусч байгааг Дэлхийн банк анхааруулсан. Энэ нь инфляци тэнгэрт хөөрөхийн дохио. Тогтворгүй байдал, суудлын солио үнэ өсгөж, амьдрал доройтуулна. Олны бухимдал улс төрд тусгалаа өгнө.

ө

Тэгэхээр монголын улс төр тогтворгүйтэх нь гэдэг шинж тэмдэг нь энэ Засгийн уналтаар илрэх бөгөөд үүнийг харсан хөрөнгө оруулагчид дараагийн сонгуулиар аль нэг нь дийлэнх олонхи болж, тогтворжтол харзнахаар шийдэх нь тодорхой. Ингэснээр ОТ төслийн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтын чимээ биднээс алсран холдох болно. Оюу толгойн удаашрал нь бусад том төслүүдэд ч тээнэгэлзэх сэдлийг өгөх бөгөөд үр дүнд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гээчийг бид хэсэгтээ мартаж, бүсээ чангалан, шүдээ зуух шаардлага гарна.

ө

Сонгууль ойртох, эдийн засаг доройтон, иргэд ядуурахын хэрээр улс төр дэхь хараал, зүхэл чангарч эцэст нь сонгогчид бүгдээс нь залхах магадлал одооноос харагдаж эхэллээ. “Унагаж аваад жаргаах” үлгэрт итгэх иргэн одоо монголд үлдээгүй. Бусдаас хариуцлага нэхэн сүржигнэх, сайдын хэнээтэн өөрт нь хариуцлага үүрүүлэхийн цагт өмнөхөөсөө ялгарахгүй гэдэг тодорхой.

ө

Нэгийг нөгөөгөөр нь солиод, талцаж унагалцаад хэн ч,  юу ч хожихгүй нь. Тэрэнд орвол нэгдэж нийлж аваад, энэ өвлийг бултаараа зутрал багатай давсан нь өлзийтэй болжээ. Бодогтун !

ө

Г.Мөнгөнчимэг Австрали, Queensland-ын  Их сургуулийн магистрант

H

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл №245

Shuud.mn
Сонин хачин