Түймрээс хамгаалах 400 км зурвас байгууллаа
2014-11-07

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, хилийн дагуу 0243-р ангийн байгуулсан  97 км түймрээс хамгаалах зурвасыг хүлээн авч, тус ангид цаашид сэргээх, арчлах үүрэг хүлээлгэв. Тус анги 30 сая төгрөгийн санхүүжилтээр түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан бөгөөд цаашид 250 км зурвас байгуулах юм. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын хэлснээр “Жил бүр 200 мянган га ой түймэрт өртөж байна. Үүнээс хамгаалах хамгийн том ажил нь түймрээс хамгаалах зурвасыг хилийн дагуу  байгуулах юм. Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн хилийн дагуу 400 км зурвас байгууллаа.  Жишээлж хэлбэл,  Улаанбаатараас Сэлэнгэ аймаг орох хэмжээний газар гэсэн үг. Өнөөдөр Сэлэнгэ аймагт байгуулсан 97 км зурвасыг хүлээн авч, хариуцуулж өглөө. 0243-р ангийнхан сэтгэл гаргаж, бага санхүүжилтээр их ажлыг  чанартай гүйцэтгэсэн байна. БОНХЯ-наас энэ ажлыг  дэмжин үргэлжлүүлнэ” гэсэн юм.

х

Сүүлийн жилүүдэд Монгол Оросын хил дагуух бүс нутгаар гарах ой, хээрийн түймрийн давтамж ихэсч, хил орчмын байгаль экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. 2012-2014 онд ОХУ-ын талаас 19 удаагийн ой, хээрийн түймэрт нэг сая орчим ой, бэлчээр шатаж, 365 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Харин түймрийг унтраахад 54.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт түймрийн 20 хүртэлх хувь нь ОХУ-аас хил дамжин орж ирдэг аж. Хил дамжин орж ирдэг түймрээс сэргийлэх зорилгоор БОНХЯ Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах “санамж бичиг”-гийг энэ оны гуравдугаар  сарын 06-ны өдөр байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд 2013-2016 онд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн хэсгийн хилийн шугамын дагуу 1000 гаруй км түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулахаар төлөвлөсөн юм.Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 400 км-т түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна. Ирэх жилүүдэд үлдсэн 80 хувийг гүйцэтгэнэ. Энэ ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд орон нутаг болон ХХЕГ-т зурвас байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай байна.

х

Энэхүү  зурвас нь зөвхөн түймрээс хамгаалах бус Монгол Улсын дархан байдлыг илтгэх тусгаар тогтнолын зурвас гэж нэрлэж болох аж. Хилчдийн ярьснаар тус зурвасыг мөр хянах зурвас гэж нэрлэх бөгөөд хилийн зөрчлийн толь болдог гэдгийг онцолжээ.

Shuud.mn
Сонин хачин