Модны хулгай 62 хувиар буурчээ
2011-01-25

Байгаль орчны яам хийсэн ажлаа тайлагналаа. 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй” болгох жил болгон зарласнаар  модны хулгай 62 хувиар буурч, манай улсыг зорих жуулчдын тоо 20 хувиар өссөн байна. Мөн монгол орны нийт газар нутгийн 25 хувийг тусгай хамгаалалтад авсан байна. Манай улсын хувьд  дэлхийн дулааралд 3 дахин илүү өртөж байдаг гэлээ. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хурлыг өнгөрсөн жилийн намар  Өмнөговь аймагт “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаар зохион байгуулсан. Энэ нь монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхаарч байгааг  дэлхий дахинд сурталчилсан томоохон ажил боллоо гэж салбарын яам нь үзэж байна. Мөн өнгөрч байгаа онд ерөнхийлөгчийн санаачлагаар 1 сая 700 мянган мод тарьжээ. Хүйтний улиралд ихсэдэг модны хулгайтай ч  тэмцсэн байна. Үр дүнд модны хулгай 62 хувиар буурч, зөрчид 43 хувиар багассан гэлээ. Уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагын 2009 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын биелэлтийг нэгтгэлээ. 106 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээгээр 322.7 га техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Байгаль орчны яамны зүгээс 2008 оноос хойш “Ашиглагч нь хамгаалагч байя, бохирдуулагч нь төлбөр төлөгч байя” зарчмыг хуульчилжээ. Энэ хугацаанд 14 хууль тогтоомжилд өөрчлөлт оруулж,3 хөтөлбөр шинэчилж, засгийн газрын 4 тогтоол батлуулжээ. 2010 оны 1 сарын нэгнээс эхлээд агаарын бохирдлын төлбөрийн тухай хуультай болжээ. Ингэснээрээ агаар бохирдуулж байгаа хувь хүн, байгууллага, иргэдтэй хариуцлага тооцдог болж байгаа юм байна. Б.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин