Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэжээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаан Парис хотноо энэ сарын 24-28 ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцэж байгаа аж. Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэн авчээ. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоотой мөн багийн хамт олныг дэмжсэн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм. Ийнхүү бүртгэсэн нь Монгол улсаас хүн төрөлхтөнд оруулж байгаа үнэт өв юм” хэмээн хэлсэн байна.
Эрчүүдийн наадаан хэмээдэг шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Мөн шагайн харвааг тойргоор тоглодог болохоор тойром хэмээн нэрлэсэн байж болох гэж судлаачид дурдсан бий. Шагайн харвааг анх 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ. Ийнхүү монгол түмэн эртнээс нааш наадаж ирсэн уухайн түрлэгтэй шагайн харваа дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.
ө
Энэ удаагийн хуралдаанд 130 орны 900 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Элчин сайд М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Хуралдааны үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн Биелгээ, Тууль, Цуурын хэрэгжилтийн тайланг амжилттай хэлэлцүүлсэн байна. Цаашид ЮНЕСКО-д бүртгүүлсэн дээрх өвүүдийг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, хөрөнгө төсөвлөхийг Засгийн газарт зөвлөмж болгожээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ