Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэлэлцэж байна
2014-12-10

Европын холбооноос Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015-2020 онуудад хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хөдөлмөрийн яам, Хөдөө аж ахуйн яам болон  Европын Холбооноос хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг нийгмийн түншүүд, Европын холбооны Монгол, Хятад дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж.

a

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүнс, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний шингээлт ихтэй, уул уурхайн бус салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооноос 2015-2020 онуудад 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

a

Уг төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөгжлийн стратегид оновчтой тусгах, төсөв, санхүүгийн хуваарилалт, хэрэгжүүлэгчдийн зохион байгуулалт, хяналтын системийг төгөлдөржүүлэх, ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах зэрэг бодлогын хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

a

Түүний зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт өртгийн сүлжээг бий болгох замаар зохистой ажлын байрыг  шинээр бий болгох, тогтвортой хадгалах, тэдгээрт шаардлагатай ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, энэ чиглэлээр хувийн хэвшлийн ажиллах нөхцөл, чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

a

Хэлэлцүүлгээр оролцогч талууд төслийн хүрээнд 2015-2020 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төслийн удирдлага, зохицуулалт зэрэг олон асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрэх юм байна. Хэлэлцүүлэг Хөдөө аж ахуйн яамны хурлын танхимд зохиогдож байна.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
саран:
эрэлтэд нийцсэн бодлого баримтлаачээ. төр 50000 ажлын байр бий болгоно гэхийн хаана байна тэр ажлын байр тэгэж байхын оронд ажил олгогчдоосоо 50000 ажлын байрны эрэлт байна гэвэл энэ бол зөв бодлого ш дээ. эрэлтэд нийцсэн зах зээлийн зарчим гэж ер нь мэддэг юмуу үгүй юмуу мэдэх юм алга даа
2014-12-10