И.Одончимэг: Өөрийгөө сурталчилсан юм огтхон ч байхгүй
МУГЖ И.Одончимэг “Мобиком” корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” аяны ялагч болж, Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд боловсрол олгох төслөө амжилттай хэрэгжүүлж сургалтын төвөө нээгээд удаагүй байна. Энэхүү сургалтын төвийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нээс буюу шинэ оноос эхлэх юм.
a
Тэгвэл сүүлийн үед жүжигчин И.Одончимэгийг “Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрээр өөрийгөө сурталчилж, бизнес хийж байна” гэх утгатай таагүй мэдээллүүд гарах болсон. Энэ талаар гавьяат жүжигчин И.Одончимэгээс тодруулахад “2.2 га газрын мөнгө, дөрвөн тал төмөр хашаа, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр гэх мэт зүйлсд зарцуулсан. Мөн тэнд ажиллах хүмүүсийн зургаан сарын цалин гээд бүхий л зүйлс энд багтсан байгаа. Бид эдгээр ажлыг хамгийн хямд зардлаар чанартай хийж гүйцэтгэхийг бодсон. Түүнийгээ ч биелүүлсэн. Зөвхөн “Мобиком” корпорацийн мөнгөөр биш сайхан сэтгэлтэй олон хүний сэтгэлийн дэмээр сургууль маань үүд хаалгаа нээсэн. Мөнгөнөөс гадна ном, бичгийн хэрэгсэл, хувцас хунар бэлэглэсэн маш олон хүн бий. Гэтэл хүмүүс яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй юм. Шулуухан хэлэхэд тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг хийчихсэн байхад тусалж, дэмждэггүй юм аа гэхэд хүний хийсэн ажлыг ингэж харлуулах хэрэг байна уу. Би өөрийгөө сурталчилж, энэ мөнгөнөөс илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй” гэсэн юм.
a
Мөн тус сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонтой утсаар холбогдож тодруулахад “Манай үйл ажиллагаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Одоогоор сургууль завсардсан хүүхдүүдэд долоо хоногийн хоёр өдөр буюу даваа, баасан гарагт ерөнхий эрдмийн хичээл орж байгаа. Цаашид үлдсэн өдрүүдэд шатар, даам, компьютерийн дугуйлан ажиллуулж, сурах хүсэлтэй хүүхдүүдэд зааж өгөхөөр ажиллаж байна. Дөрвөн хүнтэй багш нарын баг сургууль завсардалтыг нөхөхөөр ажиллаж байгаа. Тэд өөрсдөө хүүхдүүдээ бүртгээд 50-аад сурагчтай болсон. Одоогоор сурагчдын маань 30 орчим нь ирж байна. Хүүхдүүдийн тухайд бусад сургуулийн сурагчдаас “өөр” тул багш нарт бага зэрэг хүндрэл учирч байна. Гэхдээ манай багш нар аль болох зааж, сургах, туслах үүднээс ажиллаж байгаа. Багш нар маань 14-өөс дээш насны хүүхдүүдэд хичээл заана гээд байгаа. Гэхдээ бид сурах хүсэлтэй хүмүүсийг авахгүй гэж буцаахгүй. Ер нь сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй гэдэг шүү дээ. Нэмж хэлэхэд зөвхөн энэ хогийн цэг дээр байгаа хүүхдүүд биш Сонгинохайрхан дүүргийн 24 болон 26 хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой” гэсэн юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ