Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2014-12-18

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2014.12.17/ хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.



2014 оны төсвийн тодотголын тухайд Улсын Их Хурлын байнгын хороод өчигдөр /2014.12.17/ хуралдаад санал дүгнэлтээ тус байнгын хороонд хүргүүлээд байсан юм. Төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлээгүй бөгөөд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Хуулийн төслийг хэлэлцэх явцад тус байнгын хорооны зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр дагалдан оруулж ирсэн зарим хуулийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.

Хуулийн төсөлд зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох талаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.



Түүнчлэн зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн 3 бүлэгт ангилахаар тусгажээ. Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газар, Засгийн газрын гишүүн, тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд, энгийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд тус тус олгохоор заасан байна.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаа, үр дүнд  Үндэсний Аудитын газрын хийсэн аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох тухай болон Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм.

Тогтоолын төсөлд, Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө олгох явцад давхардуулан олгосон зөрчлийг арилгах, цаашид анхаарч ажиллах, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа арилжааны банкны хадгаламжийн хүүгийн түвшинтэй адилтган хүүг тогтоох талаар судалж, хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд архи, тамхины хор холбогдлын тухай хичээл ордог байхаар сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны явцад бий болсон өмч хөрөнгийн бүртгэл хийх эрх зүйн орчинг бий болгохыг Засгийн газарт чиглэл болгосон байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин