Чех улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2014-12-23 09:19

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүдтэй хийх танилцах уулзалтуудаа Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловатай үргэлжлүүллээ. ХХАА-н сайд Р.Бурмаа хатагтай Ивана Гролловаг элчин сайдаар томилогдон ирснээс хойшхи сүүлийн хоёр жилд Монгол-Чехийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр амжилттай, эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглээд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар дахь Монгол-Чехийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарч эрчимжин хөгжиж байгаад талархал илэрхийлэв.

р

Хатагтай Ивана Гроллова БНЧех Улсын Засгийн газраас Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах” төсөл /2011-2012/ “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төсөл, Чехийн Засгийн газрын Хөгжлийн агентлагтай хамтран Завхан аймагт “Завхан аймагт гидрогеологийн судалгааны ноу-хауг нэвтрүүлэх, худаг ус гаргах” төсөл, Хөвсгөл аймагт “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын усан хангамжийн менежментийг хөгжүүлэх, үндсэн үе шат” төслүүд, хувийн хэвшлийн түвшинд “Алтан тариа”, “Витсамо”, “Талх чихэр” зэрэг томоохон аж ахуйн амжилттай хамтын ажиллагаа хэрэгжүүлж байгааг дурдаад Засгийн газрын зүгээс дэмжиж ажилладагт талархал илэрхийлэв. Цаашид төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, олон нийтэд таниулан сурталчилах, үр дүнг хадгалах тал дээр хоёр талаасаа анхаарал хандуулан ажиллах дээр санал нийлэв.

Shuud.mn
Сонин хачин