ШУУД онцолж байна
2014-12-30


Баяртай, гунигтай, инээдтэй, нулимстай нэгэн он улирч, шинэ он, шинэ жил ирэхээр яарч, цагийн зүү урьдынхаас арай хурдан эргэх мэт санагдана. Эрхэм уншигч таныг энэ жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж, ирэх оноо угтан авахаар бэлтгэн буй цаг дор 2014 онд урлаг, соёлын салбарт өрнөсөн олон үйл явдлаас ШУУД онцолсноо хүргэж байна. 



Амараа Холливудад данстай жүжигчин боллоо




“Намайг Амараа” гэдэг сурталчилгаараа олны танил болсон жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло” 10 ангит уран сайхны кинонд тоглож, Холливудад данстай жүжигчин боллоо. Тэрбээр “Нетфликс” компанийн бүтээл “Марко поло” цувралд Ариг бөхийн дүрийг бүтээсэн билээ. Киноны нээлтийн улаан хивсний ёслолд гэргийн хамт үндэсний дээл, хувцсаараа гоёж очсон нь олны анхаарлыг ихэд татсан юм.


“Хонхны дуу”-нд Төрийн соёрхолт хүртээв




Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын ард түмнийг ардчилсан нийгэм рүү уриалан дуудаж байсан “Хонхны дуу” төрийн соёрхолт бүтээл боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “Хонхны дуу” бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Энэхүү дууг анх амьдруулсан “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг, гэргий Н.Наташа, ах С.Майнбаяр, хамтлагийн дуучин н.Энхбаяр нар шагналыг гардаж авсан юм.



Дэлхийн чихнээ цуурайтах “алтан хоолой”




Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан. Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуучин оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон билээ.



Дэлхийн миссийн тайзнаа “Сорхагтани хатан” бүжлээ




Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Т.Батцэцэг “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, гайхамшигт үндэсний урлаг, үндэсний хувцсаа сурталчилан бүжлээ.

Тэрбээр ҮДБЭЧ-ийн уран бүтээлчдийн өнгөрөгч онд “Их хатдын туульс” нэрээр дэглэн тавьсан түүхийн тавцанд алдар гавьяа, үйл хэргээрээ мөнхөрсөн домог түүхийн есөн хатны нэг Сорхагтани хатны бүжгийг хийсэн юм.



Долоон өөр ертөнцийн долоон өөр өнгө




Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын санаачлагаар тус театрын долоон найруулагч, долоон өөр өнгө, долоон өөр мэдрэмжийг үзэгчдэд өгсөн. 


УДЭТ-ын туслах найруулагч Э.Ёндоншаравын найруулсан “Буруугүй буруутан”, СТА Ч.Түвшингийн найруулга “Уучлаарай та дугаар андуурч”, УГЗ Б.Мөнхдоржийн найруулсан “Хэрээт төгөл”, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “Өчигдөр”, УГЗ Н.Ганхуягийн найруулга “Бүүвэй”, УГЗ Ч.Найдандоржийн “Чөлөөт хос”, найруулагч Ц.Батнайрамдалын “Манекен” жүжгүүд үзэгчдэд хүрч, тэднийг уйлуулж, инээлгэж, ухаарал хайрласан. Анх удаа хэрэгжсэн энэхүү бэсрэг жүжгийн төсөл солонгын долоон өнгө мэт хэзээ ч нэгэнтэйгээ ижилгүй, сонирхолтой байж, үзэгчдийн сайшаалыг хүртсэн шинэ санаа байсан.



Монгол яруу найргийг дэлхийн дэвжээнд үнэлэв




Румыны суут яруу найрагч Михай Еминескюүгийн Олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртсэн. а

Тэрбээр шагналаа хүртсэнийхээ дараа хэлсэн үгэндээ “Би бас өнөөдөр өөрийн яруу найргийн багш ХХ зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулангийн нэг мөрийг дурсмаар байна. Тэрбээр Монголын яруу найргийн өмнөөс өөртөө нэгэн хөтөлбөрийг дэвшүүлснээ нэг шүлэгтээ илэрхийлсэн байдаг. “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй...” гэжээ. Их найрагч багшийнхаа мөрөөдлийг би дамжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн байдаг.



Алтай ятгыг дуурьсгалаа




1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээсэн. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж, дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг нэмэгдэж буй юм. Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах “Алтай ятгыг дуурьсгах их ёслол” тавдугаар сард “Аса циркт болсон билээ. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Д.Энхбаяр,  ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид зэрэг 100 орчим уран бүтээлч ажилласан.




Үлэг гүрвэлийн музейтэй болов




Манай оронд үлэг гүрвэлийн өндөг анх олдож дэлхийн шинжлэх ухааныг цочроосноос хойш 90 жилийн дараа палеонтологийн өвийг улсад бүртгэн хадгалах музей байгуулагдав. Музейг хуучнаар Лениний музейн барилгад байршуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. ССАЖЯ Монгол Улсаас 1986 онд гарснаасаа хойш “мартагдаад” эргэж ирэлгүй 27 жил болсон 186 үзмэр бүхий палеонтологийн үзэсгэлэнг Итали улсаас буцаан авчирсан. Мөн хууль бусаар хилээр гарсан 22 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-аас авчирсан юм.



13 настай Бүргэдчин охин




Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн. Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас бол бүргэдийн ан. Тэгвэл 13 настай бүргэдчин охин Ашолпан монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байна. Түүний тухай Британийн BBC агентлагийн гэрэл зурагчин сурвалжлага бэлтгэж, цахим хуудсанаа нийтэлсэн билээ.



Шагайн харваа Юнескод данслагдав




Франц Улсын нийслэл Парис хотноо энэ оны арваннэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ын Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 9 дүгээр хуралдаанаас Монгол шагайн харвааг Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэхээр шийдвэр гаргасан. Ийнхүү монгол түмэн эртнээс нааш наадаж ирсэн  уухайн түрлэгтэй шагайн харваа дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.


Чингэснээр Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 12 дахь соёлын өвийг бүртгүүлж байгаа юм.



Б.Будхүү


Shuud.mn
Сонин хачин