ШУУД онцолж байна

img

Улиран одож буй 2014 онд Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт болсон голлох үйл явдлуудыг ШУУД онцолж байна.

.

Халх голын ялалтын 75 жилийн ой тохиов

1

Эх орныхоо газар шорооны төлөө амь хайргүй тулалдаж явсан Монголын дайчин эрс, тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж гавъяа байгуулсан орос ахан дүүсийг дурсч, алдар нэрийг нь мөнхжүүлдэг Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой энэ ойд тохиож, Шадар сайд асан Г.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг олон ажил зохион байгууллаа.

“Халхын голын ялалт-75” ойн хүрээнд ОХУ-ын Эрхүү муж, Улаан-Үдээс ойн арга хэмжээнд оролцох залуусын цуваа Монголыг зорьсон. Зөвхөн нийслэлд төдийгүй энэ оны наймдугаар сарын 29-нөөс эхлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод аймаг мөн Халх гол суманд тусгай хөтөлбөрөөр аялал зохион байгуулсан нь хойч үедээ баатарлаг буурлуудын гавьяаг мөнхөлсөн ажил болов. Ойн арга хэмжээнд ОХУ-ын цэргүүд хүрэлцэн ирж, сүрт жагсаалаа Халх гол суманд хийж техник хэрэгслээ ойд оролцогсдод сонирхуулав. Өдгөө Халх голын байлдаанд оролцсон буурлуудаас 34 ахмад дайчин амьд сэрүүн байгаа бөгөөд тэдэнд Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгов.

1

Олон улсын энхийг сахиулагчдыг манай генерал командлав

1

Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг сахиулах ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа ба энэ онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор UNMISS ажиллагааг өргөжүүлж, үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгосон. Уг тогтоолын дагуу БНХАУ, Гана, Балба, Этиоп улс тус бүр 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг Өмнөд Судан улс руу нэмж илгээсэн. Мөн UNMISS ажиллагааны цэргийн хүчийг бүсийн командлалд хуваарилан зохион байгуулж, Хойд бүсийн олон улсын хүчний командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг томилох шийдвэрийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан юм.

1

Аймгуудад оношлогооны төв байгуулав

1

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн санаачлагаар буюу Ерөнхий сайдын 2013 оны 50 тэрбумын багцаас санхүүжүүлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулсан. 11 аймагт тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөг зарцуулсан юм. Үүнээс Хэнтий аймагт л гэхэд 148 сая төгрөгийн өртгөөр барилгын засварын ажил хийгдэж, 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Тухайлбал, тархины судасны шинжилгээ, хавдрын маркерийн шинжилгээ, уушигны видео дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шээсний анализатор, шүдний иж бүрэн оношилгоо, дижитал эхо аппарат, хялар тодорхойлох багажны иж бүрдэл, чихний сонсгол шалгах аппарат, рентген зургийг дижитал болгох зэрэг 11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна. Эдгээр нь Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсаас оруулж ирсэн, дэлхийн эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг ашиглах болсон юм. Энэхүү оношлогооны төвүүд ашиглалтад орсноор орон нутгийн иргэд хот руу III шатлалын эмнэлгийг зорьж, зардал чирэгдэл болох асуудал нь 30-40 хувь буурсан гэсэн үзүүлэлт гарсан ажээ.

1

Ажаа гэгээний санаачлагаар хүүхдийн эмнэлэгтэй болов

1

ЭХЭМҮТ-ийн урд талбайд “Хүүхдийн цусны эмгэг, хавдарын эмнэлэг” наймдугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн юм. Олон түмний хандиваар боссон энэ эмнэлгийг барих ажлыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан 2012 оны 5 дугаар сарын 9-нд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг байх үед барилгын суурийг тавьснаар эхлүүлсэн гэдэг.

1

Ажиа гэгээний санаачилгаар баригдсан тус эмнэлэг зоорийг давхраа оролцуулаад долоон давхар, барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 гаруй тэрбум төгрөгөөр боссон аж. Энэхүү эмнэлэг хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 4600 ам метр талбайтай, нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай юм.

1

Монголын хүүхдүүдэд зориулсан энэхүү эмнэлэг сүндэрлэн боссон нь энэ оны хамгийн сайхан гэгээлэг мэдээллийн нэг байсан. Ажаа гэгээний сайн санааны үйлсийг магтаж, сүм хийдийн лам хуврагуудыг санаачлагагүй хэмээн буруутгагчид ч цөөнгүй байсан. Гэвч монголд амьдарч байгаа хүмүүсээс илүүтэй Америк, Англид амьдарч байгаа сайн санаат монгол хүмүүс болон гадныхан их хэмжээний хандив өгснөөр уг эмнэлэг боссон гэдгийг Ажаа гэгээн учирлан хэлж байсан юм.

1

Хүүхдэд элэг шилжүүлэх хагалгаа хийв

1

УКТЭ-ийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал эх орондоо хийлээ. Энэ хугацаанд БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран нэг, дөрвөн настай хоёр хүүхдэд тус тус дээрхи нарийн мэс ажилбарыг амжилттай хийсэн байна. Мөн ЭХЭМҮТ-д Үр шилжүүлэн суулгах лаборатори байгуулав. Тус лаборатори нь үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, үр шилжүүлэн суулгах үйлчилгээ үзүүлэх бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд одоогоор гурван эхэд үр шилжүүлэн суулгах ажилбарыг амжилттай хийжээ.

1

Дэлхийн шилдэг эрдэмтэнтэй болов

1

Дэлхийн шинжлэх ухааны академи /The World academy of sciences/-аас Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунтыг “2014 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодрууллаа. Түүний олон жилийн цогц судалгааны үр дүнд хавдрыг эсийн, молекулын түвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношлож чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгож байгаа аж. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн. Зөвхөн сүүлийн 8-н жилд гэхэд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг.

1

Бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэв

1

Энэ хичээлийн жилээс бага ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилснээ салбарын яамнаас нь зарласан бөгөөд уг шинэчлэлийг хийхэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 30 мянга гаруй багшид сургалт явуулжээ. Шинэчлэлийн хүрээнд багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц гээд бүх л зүйлс шинэчлэгдсэн гэдгийг тус яамнаас онцолсон. Сургалтанд хамрагдсан багш нарын зүгээс хүүхэд хөгжихөд багш туслагчийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэдгийг хэлж байсан юм.

1

1000 инженер бэлтгэх төслийг эхлүүлэв

1

Боловсролын салбарт хийсэн бас нэгэн томоохон ажил бол "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Японы Засгийн газраас жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаанд төлөх юм. Хөтөлбөрийн хүрээнд Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургана.  Ингэснээр чадварлаг 1000 эрдэмтнээр боловсон хүчнээ нэмэгдүүлэх боломжтой болсон.

1

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг  хэрэгжүүлэв

1

Монголын оюутны холбооноос санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газраас баталснаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд анх удаа хэрэгжсэн уг хөтөлбөрт анхны 500 орчим оюутан хамрагдсан бөгөөд албаа амжилттай хаагаад өнгөрсөн наймдугаар сард халагдсан.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан цэргүүд дээд боловсрол эзэмшиж байх хугацаандаа иргэний үүргээ биелүүлж цэргийн алба хаах боломж бүрдүүлснээрээ онцлогтой, үр дүнтэй хөтөлбөр болоод буй.

1

Ихрүүд байртай боллоо

1

Хорвоод хосгүй ихэр заяаг ижилсүүлж, дөрвөн удаагийн төрөлтөөр найман ихэр хүүхэдтэй болсон СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гурван өрөө орон сууцны түлхүүр гардуулан өгсөн юм. Арван жилийн өмнө аавынхаа тэтгэврийн зээлийн мөнгө, гэрийн эзний цалин хоёрын хүчээр өөрсдөө босгосон жижиг байшиндаа ам бүл арвуулаа амьдарч байсан тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Засаг дарга орон сууц олгох захирамж гаргасан аж. Өнөр бүл маань СХД-ийн 27 дугаар хороонд байрлах “Чухаг” хотхонд 81 м.кв талбай бүхий гурван өрөө байртай боллоо. Гэрийн эзэн Д.Энхтөр “Бидэнд санаа тавьж холбогдож ярьсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга болон СБД-ийн VII хорооны өндөр настан н.Дорждулам гуайдаа, анх уриалга гаргасан "Үндэсний шуудан" сонин, фэйсбүүкээр дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Сэтгэгдэл маш өндөр, их баяртай байна” гэсэн юм.

1

Газрыг цахимаар өмчлүүлэв

1

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсныг бид онцолж байна. Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршлын эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж 13 мянга гаруй иргэнийг өмчлөлийн газартай болголоо. Үүнд шинээр мэндэлсэн 257 хүүхэд багтсаныг дурьдахад таатай байна. Газрыг өмчлүүлэхдээ тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлгөөг хийсэн нь хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Ийнхүү цахимаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгийг давхар хэмнэсэн болон дэвшилтэд технологийг ашиглан шударга зарчмаар хуваарилалт хийсэн нь цаг үеэ олсон ажил болжээ. Тэгэхээр иргэдэд газрыг цахимаар өмчлүүлсэн яах аргагүй нийслэлийн онцлох үйл явдал мөн юм.

1

Улаанбаатар хот Google Street View-д оров

1

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Гүүгл компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхийд таниулахын зэрэгцээ аялал зуучлалыг дэмжин, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google map, Google Street View, Google Culture Institute, Google Art Project төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

Харин төслийн хүрээнд дэлхийн аль нэг цэгээс гар утас болон компьютер ашиглан Улаанбаатар хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой юм. Монгол Улсыг Google Street View-д оруулсан 61 дэх улс болгосон энэ хөтөлбөр мөн л оны онцлох үйл явдал байв.

1

П.Нарандэлгэр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
irgen humuus handiv uguugui bhaa gadnaas ih handiv ugsun ni barimttai yum bileee
2015-01-03
irgen:
hudlaa bicheed baihaar n durgui hurch bnaa! end oroltsson olon hun bgaa! ajaa gegeenten gantsaaraa hiigeegui um shuu! ard n mongolchuud uuniig hiisen.
2015-01-01
irgen:
end hudlaa bichsen bnaa! mongold amidarch baigaa humuusiin havdiviin mungoor l ene emneleg bosson shuu dee! ajaa gegeenten hen heden tugrug ogson iig n hen yaj yu hiisniig n ylsad tailagnaach!
2015-01-01