УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны
төсвийн тодотголын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа
асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Багш, эмч нарыг төрийн албан хаагчаас хасна гэлээ. Багш, эмч нараас гадна галч, тогооч, дотуур байрны ажиллагсад хамаардаг юм. Алдарт эхийн мөнгийг яагаад хасч байна вэ. Эхчүүд насаараа үр хүүхдийнхээ төлөө явдаг юм шүү.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Багш, эмч нарыг төртэй гэрээгээр ажилладаг тогтолцоогоор ажиллая гэдэг саналыг МАН-ын гишүүд санаачлаад хуулийн төсөл боловсруулж байгаа. Өгдөг зүйлийг нь бууруулахгүй. Хийсэн ажил, гүйцэтгэлийнх нь үр дүнтэй харьцуулж явна. 12 мянган хүнийг цомхотгох асуудал яриагүй. Эдийн засаг хүндрэлтэй үед олон мянган хүнийг ажлаас нь халах буруу юм. Харин яам, агентлагийн 1600 орчим хүмүүс цомхотголд хамаарна. Бид төсвийн бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Олсноосоо илүү ихийг үрж байна. Дотоод гаргаж байгаа бонд маань хүртэл биднийг төлж даахааргүй хэмжээнд очлоо. Халамж хэрэгтэй байгаа хэсэгт аваачих бодлого барьж байна. Бид УИХ-ын зөвшөөрлөөр явна. Арилжааны зээл дахиж авахаа болино. Ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа УИХ-д тайлагная. Эх орноо аврахаар парламентад суудалтай намууд нэгдсэн. Тиймээс бид эхний алхмаа хийх гэж байна. Бид худлаа орлого тавимааргүй байна. Бие биенээ хуурсан тоглолтоо үргэлжлүүлээд явах шиг амархан юм алга. Гэхдээ хэн нэг нь үүнийг зогсоох хэрэгтэй. Өвчнөө анагаах гэж бид нэгдсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Манай улсын төсөв энэ онд 5,6 тэрбум. Бид мөнгөгүйдэж байна. Манай улсад төсвийн 70 хувьтай тэнцэх борлуулалт байгаа. Оюутолгой, Тавантолгой гээд. Гэтэл энэ борлуулалтын дийлэнх нь өрөндөө яваад 5 хүрэх үгүйтэй хувь нь үлдэнэ. Хэдэн компанийн мэдэлд орчихжээ. Засгийн газар Оюутолгойн муу гэрээ хэлэлцээрээ сайжруулах шаардлагатай.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Оюутолгойн асуудалд нөгөө тал манай талын байр суурийг муутгах хэд хэдэн санал тавьсан. Гэхдээ өнөөдөр гэрээнд өөрчлөлт оруулах яриа хэлэлцээ хийгдээгүй. Өнөөдөр манай талд өөрчлөлт хийх нь ашиггүй. Тиймээс гэрээний өөрчлөлтийн асуудал байхгүй. Харин Оюутолгойн ордын газар доорх ажлыг эхлүүлэх үү үгүй юу гэдэг яриа байна. Харин одонтой эхчүүдийн фондыг байхгүй болгох тухай асуудал үгүй. Хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэл алдарт эхчүүд тэтгэмж авна.
Уул уурхайн сайд Р.Жигжид:
-Бид роялти авах талаар ажиллаж байгаа. Энэ талаар ажил хийгдэж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Хүүхдийн мөнгө, алдарт эхчүүдийн мөнгийг танаж байгаа юм байна. Тэд энэ мөнгөөр жип авч унадаггүй юм. Ээмэг авч зүүдэггүй юм. Иргэд голоо тасартал бүсээ чангалж байна. Зарим хэсэг бүсээ тасартал таргалж байгаа. Монгол банкныхан сая сая төгрөгөөр ажилтнуудаа шагнасан байна. Монгол банкинд аудит оруулж, хариуцлага тооцох ёстой.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх