Үндсэн хуулийн эхийг төрийн түүхийн музейд заллаа
2015-01-12

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж байна. Үндсэн хууль ямар байдлаар батлагдсан байдгийг иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж үзэх боломжтой болсон гэлээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Монголбанкнаас Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор хүлээлгэн өгсөн юм.

Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол банкны удирдлагууд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Үндсэн хууль тогтоогчдын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин