Гишүүд 600 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
ө
Бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит үнэнийг нууж ирсэн. Үүний уршгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгүй дараагийн алхмыг авах шаардлага үүслээ” хэмээн онцолсон. Нэгэнт нүүрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хүрээнд шийдэх боломжгүй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсныг тэрээр мэдэгдлээ. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан гэнэ. Хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас МАН-ын бүлэг ийм шийдвэр гаргасан байна. Мөн улс орны эдийн засаг хямарсан энэ үед хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх уриалга гаргаж, МАН-ын бүлгийн 26 гишүүн унааны зардлаасаа татгалзаж байгаа хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүдэд орон нутагт болон тойрогтоо ажиллахад зориулсан тодорхой хэмжээний зардал төсөвлагдддөг. Үүнээсээ унааны зардалд жилд 500-600 мянган төгрөг төсөвт суудаг гэнэ. МАН-ын гишүүд энэ мөнгөөсөө татгалзаж, хэмнэлт гаргаж байна. Энэхүү уриалгыг УИХ-ын 76 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бүрдэнэ гэлээ.
ө
Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгүй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгүй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож буйгаа мэдэгдэв. Эдийн засгийн хямралыг ард түмний түрийвчнээс төлүүлэх бус зардлаа танах байдлаар "хэмнэлтийн горимд" орох ёстой. Ингэхдээ баялаг бүтээгчид, ард иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг нэмэгдүүлж болохгүй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
ө
МАН-ын бүлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг анхнаасаа баримталж байсан. АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон. Уг байр сууриа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дахин нотолж, Засгийн газарт хуулийн төслийг буцаасан юм. Одоогийн байдлаар өрийн босго 58.2 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг энэ хэмжээнд хүргэснээ ард түмнээсээ нууж ирсэн. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ.
ө
Мөн энэ чиглэлээр хяналт шалгалт явуулах, өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох, өрийн дээд хязгаарыг байх ёстой зохист хэмжээнээс дур мэдэн хэтрүүлж хууль зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэв. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөөс гадуур зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан байна. УИХ-ын хараа хяналтаас гадуур зарцуулагдаж байгаа "Чингис", "Самурай" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх, юунд ямар үр дүнтэй зарцуулсан бодит мэдээллийг ард иргэдэд хүргэх ёстой, эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой гэв.
х
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ