М.Энхсайхан АНУ, ХБНГУ-ын элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
2015-01-23 13:28

Монгол Улсын сайд М.Энхсайхан АНУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэллийг Төрийн ордонд хүлээн авч уулзан эрхэлж байгаа ажлынхаа талаар, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалт, шалгарсан талтай хэлэлцээ хийх ажлын явц зэрэг асуудлаар ярилцлаа. Элчин сайд Э.Кэмбэлл Монголд ажиллаж байгаа америкийн зарим компаниуд хэд хэдэн уралдаант шалгаруулалтад оролцсон бөгөөд тэдгээр нь сэтгэл дундуур явдаг тухай хэлж, санал бодлоо солилцов. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Бид Америкийн компаниудын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй талархалтай хандах болно. Монголчууд мегатөслийн туршлага муутайгаас алдаа хийж ирсэн. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын стандарт, нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллах болно” гэв.
 f
Уулзалтын дараа Монгол Улсын сайд М.Энхсайхан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тиедеманныг хүлээн авч уулзлаа. Элчин сайд  Герхард Тиедеманн “Хоёр орны харилцаа улстөрийн төвшинд сайн хөгжсөн байгаа ч эдийн засгийн салбарт төдийлөн сайн биш байна. Өнгөрсөн жил ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр дагалдаж олон бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь сонирхол их байгааг илэрхийлсэн үйл явдал юм. Түүнчлэн Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтад манай аж ахуйн нэгжүүд хамтарсан хэлбэрээр оролцох асуудал яригдаж байна. Оюу Толгой төсөл бол дэлхийн хэмжээний том төсөл. Энэ төсөл амжилтад хүрэх нь Монголчуудад маш чухал юм” гэлээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан “ Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.   Улстөрийн харилцаа маш сайн хөгжсөн байгаа шиг эдийн засгийн салбарт их зүйл хэрэгтэй байгаа юм. Үүний төлөө өөрөөсөө хамаарах бүгдийг хийх болно. Оюу Толгой төслийн хувьд цаг алдалгүй хурдан шийдэх ёстой” гэсэн юм.
Shuud.mn
Сонин хачин