Оны спортын онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
2011-12-30

  1. 1.    Гиннест бүртгүүлсэн 6002 бөхийн барилдаан
Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичүүлэх 6002 бөхийн барилдаан энэ оны 9-р сарын 13-ны өдөр эхэлж нэгээс гурвын даваа хүртэл төв цэнгэлдэх хүрээлэнд болж 4-ийн даваанаас хойших барилдаан МБӨ-нд болсон юм. Түүхэн дэх анхны 13 даваатай түүхт энэ барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай корпораци"-ийн  бөх улсын шинэ залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж түрүү бөхийн цом, арван таван сая төгрөгийн эзэн болсон юм. Харин 6002 бөхийн үзүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат "Хилчин" спорт хороо, "Уурхайчин" клуб, "Увс нуур" дэвжээний бөх улсын шинэ залуу аварга Сүхбаатарын Мөнхбат үлдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын шинэ арслан Гунаажавын Эрхэмбаяр шөвгөрсөн. Дэлхийн дээд амжилтын хорооны шүүгч Дон Чен “Монгол улс 6002 бөх барилдуулсан нь Гиннесийн хорооны журам журам шалгуурын дагуу Дэлхийн хамгийн олон бөх оролцсон барилдаан болохыг зарлан тунхаглаж байна” гээд Гиннесийн хорооны батламжыг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулсан нь МҮБХ болон Монгол улсын түүхэн дэх энэ оны хамгийн чухал үйл явдал байлаа. Монгол үндэсний бөх, дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэнийг “Шууд” онцолж байна. 2.    Оны бүтээн байгуулалт МХБХ 2011 оныг “Сургалт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэ жилийн хүрээнд Фифагийн “Goal” төслийн хүрээнд “Футзалны битүү ордон” барьж байгуулсан. ОУ-ын стандартад нийцсэн энэ битүү ордон нь манай улсад анхдагч нь боллоо. 11-р сарын 12-ны өдөр үүд хаалгаа нээж ашиглалтанд орсон 600 гаруй хүний суудалтай анхны футзалны ордныг Дэлхийн стандартын футзалны хэмжээнд тохируулж байгуулсан бол чийрэгжүүлэлтийн 1, оффисын 6, 1 вип өрөөнөөс бүрдэж байгаа юм. Шинэ ордонд Футзалны нээлттэй тэмцээнийг МХБХ-ноос зохион байгуулсан бол энэ өрсөлдөөнд лигийн 11, сонирхогчийн 10 нийт 21 багийн 250 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж анхны футзалны тэмцээн амжилттай явагдсанаар 11-р сарын 24-ний өдөр медалийн эзэд тодорсон. Монголд анх удаа босгосон МХБХ-ны томоохон бүтээн байгуулалт Футзалны битүү ордны байгуулалтыг “Шууд” онцолж байна. 3.    Боксын 2011 оны ДАШТ Энэ оны 9-р сарын 26-ны өдөр Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө нээсэн билээ. 2011 оны боксын ДАШТ-д Монгол улсаас 8 жинд 8 боксчноо сойсон юм. Энэ жилийн дэлхийн аваргаас -91 болон  +91 кг-ын жингээс бусад найман жинд эхний арван байрт шалгарсан тамирчдад, харин дээрх хоёр жинд эхний зургаан байрт шалгарвал Лондонгийн олимпийн эрх олгох байлаа. Боксчдын тухайд олимпийн эрх авах шалгуур өндөр байгаа бөгөөд тэд хоёрхон тэмцээнд оролцож эрхээ олж авах юм. Нэг өрсөлдөөн нь нь ДАШТ, нөгөө нь 2012 оны 4-р сард Казахстаны Алматыд болох ААШТ юм.  AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ 2009 онд Италийн Милан хотод болсон.  Харин энэ удаад газар нутгаараа баруун Ази болон Европын зүүн хэсэгт байрладаг, Каспийн тэнгистэй хил залгаа Азербайжаны нийслэл Баку хотноо болж дэлхийн 130 орны 700 орчим тамирчин оролцлоо. Ингээд 49 кг-ийн жинд тулалдсан олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга, МУГТ П.Сэрдамба хүрэл медаль хүртсэнээр олимпийн эрхээ өвөртөлсөн. Мөн 64 кг-ийн жинд өрсөлдсөн 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ У.Мөнх-Эрдэнэ 5-р байрт шалгарснаар Лондонг зорих эрхтэй болсон юм. Боксын насанд хүрэгчдийн 2011 оны ДАШТ-ээс Монголын хоёр ширэн бээлийтэн олимпийг зорих эрхтэй болсныг “Шууд” онцолж байна. 4.    Чөлөөт бөхийн түүхэн дэх амжилт Энэ жил 50 настайгаа золгож байгаа чөлөөт бөхийн спортынхон азтай, одтой байлаа. Туркийн Стамбулын дэвжээнд эр бяраа гайхуулан барилдаж хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээрээ эмэгтэйчүүд Японы, Канадын дараа жагсаж 3-р байранд шалгарсан. Мөн эмэгтэйчүүдээс ОУХМ О.Насанбурмаа хүрэл медаль хүртсэнээр, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Чулуунбат 5-р байрт шалгарснаар Лондон-2012 зуны 30-р олимпийн эрх өвөртлөөд ирсэн юм. Харин Монголын спортоос олимпийн төрөлд багаараа 3-р байрт шалгарсан амжилт бол чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх нэмсэн баярт үйл явдал боллоо. Чөлөөт бөхийн тамирчдад олимпийн эрх олгох 2-3 тэмцээн байгаа. Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүд багаараа олимпийн эрх аван Лондонгийн дэвжээнд өрсөлдөх томоохон зорилт тавьж байна. Мөн ДАШТ-д багаараа эхний 8-д шалгарсан эмэгтэй бөхчүүд дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болдог. Харин эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн 2012 оны 5-р сард Японы Токиод болно. МЧБХ 2013 онд дэлхийн цомын тэмцээнийг өөрийн оронд хүлээн авч зохион байгуулах хүсэлтээ Фила буюу ОУ-ын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд илгээсэний дагуу Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Кев Ким манай улсад 12-р сарын 25-28-ны өдрүүдэд айлчилж Дэлхийн цомын өрсөлдөөнийг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахад боломжтой гэж үзэн “Онц” дүн тавилаа. МЧБХолбоо ч 50 жилийнхээ ойгоор улаан хивсний ёслол зохион байгуулж чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан мөн энэ спортоор МУ-ыг олимп, тив дэлхий, Азид таниулж чадсан үе үеийн ахмад тамирчид, дунд үе, залуу үеийн төлөөлөл тамирчдаа хүндэтгэн хүлээн авсан юм. Амжилт бүтээл, ялалтаар дүүрэн хуучин оноо үдэж байгаа бөхийн чөлөөт барилдааныг улсдаа хөгжүүлэх энэ спортоор дамжуулан тив, дэлхий, Азид Монгол эх орноо таниулах их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа МЧБХ, чөлөөт бөхийн тамирчдын амжилтыг “Шууд” онцолж байна. 5.    Жудочдын санаанд оромгүй ялагдал ба дасгалжуулагчын халаа сэлгээ Францын нийслэл Парис хотноо 8-р сарын 23-28-нд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 131 орны 865 бөх зодоглосон. Дэлхийн аваргад Японы жүдочид таван алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Франц /4-0-1/ болон Хятад /1-1-0/-ын баг тамирчид удаалсан юм. Харин Монголын жүдочдын тухайд эрэгтэй долоон жинд 14, эмэгтэй зургаан жинд есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч  медалийн тавцанд гарч чадаагүй юм. Үүгээр ч барахгүй нэг ч тамирчин шагналт 5-р байрт шалгараагүй. Ингэснээр тэд ард түмэн, жудо бөхийн спорт сонирхогчдоос хатуухан шүүмжлэл дагуулсан бол МЖБХ-ны удирдлага ч ширүүхэн зэмлэл хүртээсэн юм. Олимпийн эрхийн хамгийн өндөр оноо олгосон жудо бөхийн 2011 оны ДАШТ-ээс Монголын цагаан өмсгөлтнүүд хомоол хамсан нь олны анхаарлыг юу юунаас илүү татсан. Энэ нь холбооны удирдах зөвлөлийн хурлаар жудо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг шинэчлэн солих асуудал хурцаар тавигдахад голлон нөлөөлж ахлах дасгалжуулагч, Ардын багш, МУ-ын хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Үүний дагуу ахлах дасгалжуулагчаар МУ-ын аварга, МУГТ О.Балжинням томилогдсон юм. Жудо бөхийн спортын түүхэн дэх энэ ялагдал бас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчын халаа сэлгээг “Шууд” онцолж байна. 6.    Улсын шинэ аварга төрсөн түүхт үндэсний их баяр наадам Үндэсний эрх чөлөөний 100 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тулгар төр байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 1024 бөх уран мэх, хүч бяра сорин Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр барилдсан. Ингээд үзүүр түрүүний барилдаанд шалгаран үлдсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Хилчин спорт хорооны бөх улсын арслан С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаяраар арав давж, олон ой давхацсан төрийн их баяр наадамдаа түрүүлж, шинээр аварга төрөн гарсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эгхэмбаяр үзүүрлэн шинэ арслан төрсөн бол хоёр гарьд, хоёр заан, дөрвөн харцага, 13 начин төрсөн талын Монголын дэлгэр зуны түүхт олон ой давхацсан өргөн дэлгэр сайхан наадам болж өнгөрснийг “Шууд” онцолж байна. 7.      Дэлхийн ноён оргил руу “Дайралт” хийсэн Монгол эмэгтэй уулчин Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан Монголын уулчдын тоо энэ онд нэгээр нэмэгдлээ. Уулын спортын ОУХМ Бадамгаравын Гангаамаа 2011 оны 5-р сарын 21-ний 06.30 цагт дэлхийн зулай болсон 8848 метр єндєр ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин юм. Эмэгтэй уулчдаа тєлєєлєн дэлхийн хамгийн єндєр цэгт эх орныхоо далбааг намируулсан тэрээр 6-р сарын 1-нд эх орондоо ирсэн билээ. Дэлхийн зулайд гарах авиралтыг эхлvvлсэн хvний хувьд таван жилийн хугацаанд нарийн тєлєвлєгєє боловсруулсан бол сvvлийн хоёр жил эрчимтэй бэлтгэл хийж байгаад нийт найман орны 10 уулчинтай баг болж, авиралтаа хийсэн. Түүний хувьд Түвдийн талаас дайралтаа эхлүүлж дэлхийн дээвэр дээр гарч өөрийнхөө басхүү эмэгтэй уулчдынхаа хүсэл мөрөөдлийг төлөөлөн биелүүлсэн зориг тэвчээртэй тамирчин юм. Б.Гангаамаагийн энэ хөлс, хүч, хөдөлмөр, зүтгэл амжилтыг МУ-ын төр засгаас үнэлэн МУГТ цол хүртээсэн юм. Ингээд Монголын эмэгтэй уулчдаасаа анхлан дэлхийн дээвэр ноён оргилд хөл тавьж төрийн далбаагаа мандуулсан МУГТ Б.Гангаамаагийн амжилтыг “Шууд” онцолж байна. 8.    Олимпийн аварга “Их спорт”-доо эргэн ирлээ Бээжингийн олимпийн аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган 2008 оны олимпоос хойш ОУ-ын нэг л тэмцээнд оролцсон. Тэрээр бэртлийн улмаас дотооддоо УАШТ болон гадаадад явагдсан тэмцээн уралдааныг өнжих болсоор гурван жилийг ардаа үдсэн. Харин МУГТ Э.Бадар-Ууган МОБХ-ны үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа хамт 12-р  сарын 3-ны өдөр Казахстаныг зориод байсан. Ингээд Монголын ширэн бээлийтнүүд Казахстаны Алматыд 12-р сарын 16-18-ны өдрүүдэд болсон Олон хотын тэмцээнд амжилттай оролцож олимпийн алт, мөнгөн медальтнууд алтан медалийг ихэрлүүлсэн нь Монголын ард түмнийг баярлуулсан явдал байлаа. Урт хугацааны турш өрсөлдөгч нартаа судлагдахуун болоогүй “Битүү морь” болсон олимпийн аварга маань энэ удаагийн тэмцээнд жин өгсөж 60 кг-ийн жинд тулалдаж тэмцээний эхний тойргоос л учраа бүрээ буулган авсаар 10-аад онооны зөрүүгээр илт давамгайлан ялсаар байлаа. Тэрээр алтан медалийн төлөө Казахстаны боксчинг 14:10-аар буулгаж авснаар олны анхаарлын төвд орсон юм. 2012 оны 4-р сард Казахстаны Алматыд Азийн боксчдын олимпийн эрх авах сүүлийн тулаан болно. Энэ тэмцээний рингэнд олимпийн аваргаа дахин гарч Лондонг зорих эрхээ өвөртлөнө гэдэгт Монгол түмэн итгэлтэй байна. Ингэснээр олимпийн аварга маань тулааны их спортдоо эргэн ирсэнийг ард түмэндээ, боксын спорт сонирхогчдод дуулгасныг “Шууд” онцолж байна. 9.    Оюутан тамирчдын энэ оны шилдэг амжилт МОСХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, МОХ, БСШУЯ хамтран 2011 оны хавар дотоодын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулсан. Энэ тэмцээнд 50 их дээд сургуулийн 8000 оюутан тамирчид өрсөлдөж хурд хүч, авьяас чадвар, ур ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс дотоодын аваргууд шалгарсан юм. Ингээд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өнгөрсөн 8-р сарын 12-23-ны өдрүүдэд урд хөршийн Шиньжинд болсон Дэлхийн оюутны спортын 26-р Универсиад их наадамд спортын 12 төрөлд өрсөлдсөн. Монголын оюутан тамирчдаас ШУТИС-ийн Математик менежментийн их сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орсон шатрын төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Шатрын төрөлд 30 орны 63 эмэгтэй шатарчид оюун уханаа уралдуулан ур чадвараа шалгасан. Мөн эрэгтэй урт буучдын баг буудлагын спортын урт бууны багийн төрөлд 1769 оноогоор мөнгөн медаль хүртсэн билээ. Урт бууны 50 метрийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд 19 орны 57 тамирчидтай ОУХМ Д.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нарын баг хамт өрсөлдөн онч мэргэнээ сорьсон юм. Энэ наадмын медалийн салхийг жүдо бөх, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Чинбат хагалж, мөнгөн медаль хүртсэн. Түүний жинд нийт 28 тамирчин өрсөлдсөн бол ОУХМ О.Чинбат эхний тойрогт Армяны тамирчинг ялж дараагийн учраа болох Нигери, Хойд Солонгос, ОХУ-ын бөхчүүдийг ялснаар аваргын төлөө Өмнөд Солонгосын тамирчин Ким Вон Жинтэй өрсөлдөж мөнгөн медалийн эзэн болсон. Мөн буудлагын ОУХМ Ч.Нарантуяа эмэгтэйчүүдийн урт бууны гурван дасгалд мөнгөн медаль хүртэж медалийнхаа тоог дөрөв болгосон юм. Дэлхийн оюутны спортын Универсиад 26-р их наадамд дэлхийн 154 орны 10600 гаруй тамирчидтай Монголын оюутан тамирчид эн тэнцүү хүч үзэж дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэнийг “Шууд” онцолж байна. 10.  Оны “Онцлох” зочин NBA-ын супер оддын нэг, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард 2011 оны 9-р сарын 7-ны өдөр Монгол улсад хөл тавьсан. Түүнийг онгоцноос бууж ирсэн тэр мөчид “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлын бизнес лаунжид Дуайт “Супермэн” Ховардыг угтан авах арга хэмжээ болж энэ алдартай тоглогчыг шүтэн биширдэг, дэмждэг олон олон залуус, сагсан бөмбөгийн спортын үнэнч фенүүд нэгэн дуугаар баяр хүргэн угтсан юм. Дуайт Ховард  Монголд өөрийн хувийн дасгалжуулагч болон дөрвөн туслахын хамт ирсэн. Тэрээр манай улсад гурав хоногийн хугацаанд зочилсон бол энэ өдрүүдэд Монголын түүхэн ёс зан заншил, дэлхийд дахин хэзээ ч давтагдашгүй өв соёл, Монгол ахуйтай танилцаж үнэнч хөгжөөн дэмжигч, фенүүдтэйгээ уулзан мэндчилсэн. Мөн хэвлэлийн бага хуралд оролцож, МБӨ-нд болсон Монголын сагсан бөмбөгчдийн “Бүх оддын тоглолтонд” оролцохоос гадна Дэлхийн од, Америкийн шилдэг сагсан бөмбөгч Дуайт Ховард  гайхамшигт тохолтоо ч Монголын залууст үзүүлээд амжсан юм. Түүний үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг 2004 онд байгуулсан “Дуайт Ховард” сан нь үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн бол Америкт болон дэлхийн бусад орнуудын хүүхдийн хөгжил, ирээдүйд сайн том хүн болж төлөвшихөд маш их зүйлийг хийдэг. Энэ нь сайн сайхны үлй ажиллагаа нь хүүхдэд урам зориг хайрлах, хамгаалах халамжлах, боловсрол, амьдралыг үргэлж хайрладаг. Ингээд НБА-ын шилдэг тоглогч, “Супермэн” хочит Дуайт Ховард талын Монголыг зорин ирсэн үйл явдлыг “Шууд” онцолж байна.                
Shuud.mn
Сонин хачин