Хүн ардын үндэсний ухамсар, ёс заншлаа дээдэлж, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэх зорилгоор Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тус зарлигт зааснаар:
1-рт Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 100 жилийн их ойн өдөр буюу 2011 оны 12 сарын 29 нд Монгол төрийн тулгын галыг бадраах
2-рт Төр улс, түмэн олны зог золбоог бадраах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12 сарын 29 өдөр тулгын галаа бадрааж байхыг төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд уриалсан байгаа.
Энэ зарлиг Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор гарсан. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын салшгүй хэсэг бол хүний эрх, эрх чөлөө. Хүний эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг бол хүйсийн тэгш эрхийн асуудал юм.
Монголчууд эртнээс эмэгтэйчүүд, эхчүүдээ дээдэлдэг уламжлалтай. Тэр тусмаа эмэгтэй хүн бол галын бурхан гэж дээдлэгддэг. Өдөр бүхэн тулгандаа гал бадрааж байдаг эрхэм хүндтэй хүмүүс. Тэд гэртээ ч гал асааж Монголын төрд ч гал бадрааж явсан гавьяатай. Эмэгтэйчүүд төрийн гал тахих ёслолд орох ёстой. Ирээдүйн эмэгтэй Ерөнхийлөгч, эмэгтэй УИХ-ын дарга, эмэгтэй Ерөнхий сайд нар энэ ёслолыг гардан хийх л болно.
УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлсэн үг бол МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигын утга агуулга биш. Тэр бол тухайн хувь хүний өөрийн үзэл бодол гэдгийг ойлгоно уу. Тэгээд ч Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын гишүүн тайлбарлах эрхгүй шүү дээ.