Техникийн хяналт үзлэгт ороогүй бол торгоно
2015-02-05

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид “Авто тээврийн тухай хууль”-ийн дагуу жилд нэг удаа тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулах үүрэгтэй байдаг. Хэрэв тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагшгүй тохиолдолд “Авто тээврийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 5000-30000 төгрөг, албан тушаалтныг 30000-60000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авдаг байна. 2015 оны судалгаагаар манай аймагт мөн 16000 гаруй автомашин явж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

Энэ оны 1-р сарын 10-наас эхлэн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо эхэлжээ.

Манай улс 1999 оноос авто тээврийн тухай хуультай болж улмаар жил бүр тээврийн хэрэгслээ жилд нэг удаа оношлогоонд оруулдаг болсон. Өмнө нь тээврийн хэрэгслийн оношлогоог зуны урин цагт хийж дуусгадаг байсан бол сүүлийн жилүүдэд 1-р сараас эхлэн бүтэн жилийн турш тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг явуулдаг болсон. Гэсэн хэдий ч тээврийн хэрэгслээ оношлогоонд хамруулаагүй иргэд багагүй байсаар байна. Үүний нэг шалтгаан нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид жилд нэг удаа оношлогоонд орно гэх ойлголтыг буруу ойлгосноос болдог гэнэ.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл эзэмшигч та 2014 оны 2-р сард оношлогоонд орсон бол 2015 олны 2-р сард багтан оношлогоондоо хамрагдах ёстой байна. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байгаа иргэдийн дийлэнх нь өмнөх онд оношлогоонд орсон сардаа багтаж орох ёстой гэдгийг мэдээгүй шалтгаанаар захиргааны хугацаа хэтрүүлэх тохиолдол их байдаг байна.

Түүнчлэн та хэзээ техникийн үзлэгт хамрагдсанаа мэдэхгүй байгаа бол e-transport.mn сайтаар орж тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар болон, арлын дугаараа оруулан оношлогоонд орсон талаарх мэдээллээ харах боломжтой юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин