“ATR-72”-ийг дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлэв
2015-02-05

Тайванийн агаарын тээврийн “TransAsia” компанийн “ATR-72” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 10.50 цагт Нанган дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон юм. Онгоцыг 11.25 цагийн орчимд Кийлөнг голд осолдсоныг нь тогтоосон билээ.




“Ройтерс” агентлаг:

Хоёр орны зааг дээр Индонезийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц Ява тэнгист осолдсон билээ. Ослоор 155 зорчигч болон багийн долоон гишүүн бүгд амиа алдcан юм. Энэхүү ослын дуулиан намжаагүй байхад өчигдөр Тайванийн “TransAsia” компанийн “ATR-72” онгоц гүүр мөргөж осолдлоо. Ослын улмаас 31 хүн амиа алдаж, 12 сураггүй алга болжээ. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 15 зорчигчийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Өнгөрсөн он Малайзын агаарын тээврийн “Malaysia air lines” компанийн 239 зорчигчтой “МН370” онгоц сураггүй алга болж, 295 зорчигчтой “МН17” онгоц Украины зүүн хязгаарт осолдсон билээ.



Их Британийн “CNNагентлаг

Тайванийн “ATR-76” онгоц Кийлөнг мөрний дээгүүр байрлах гүүрийг мөргөж осолдсон билээ. 159-8D гэх улсын дугаартай шар өнгийн такси онгоцны далавчинд цохигдож, эвдэрсэн юм. Таксины жолооч Пон гэгчийг эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр суудлын бүсээ зүүгээгүй хөдөлгөөнд оролцож байсан учраас толгойндоо гэмтэл авсан байна. Тэрбээр ухаангүй байгаа гэнэ. Тээврийн яам Поны гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амласан байна.



Их Британийн “www.scotsman.com” сайт:

Тайванийн “ATR-72” онгоц ослоор 31 хүн амиа алдаад байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйг албаны хүмүүс анхааруулжээ. 12 зорчигч сураггүй байна. Онгоцонд Хятад улсын 31 иргэн, Тайванийн 11 иргэн, Индонезийн гурван иргэн зорчиж явжээ. Амиа алдсан хүмүүсийн мэдээллийг задруулахыг эрс хориглоод буй. Аврагчид ослын газар ирсэн даруйдаа 3 болон 11 настай хоёр хүүг аварчээ. Тэд ямар ч гэмтэл аваагүй гэдгийг албаны хүмүүс баталж байна. Амьд үлдсэн 15 зорчигчийн таван нь бага насны хүүхдүүд гэнэ.



Америкийн “www.washingtonpost.com” сайт:

Тайваньд өмнө нь онгоцны ослоор олон хүн амиа алдаж байсан удаатай. Хэргийг эргэн сануулвал, 2014 оны долоодугаар сарын 15-нд “TransAsia” компанийн “ATR-76” гэх онгоц Пенгу арлын ойролцоо осолдож, 48 хүн амиа алдаж байсан юм.  Онгоц осолдсон нь цаг агаарын таагүй байдалтай холбоотой билээ. Үзэгдэх орчин муу байсан учир онгоц долоон давхар барилга мөргөж осолдсон юм. Ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүл өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр аваагүй байна.



Их Британийн “www.dailymail.co.uk” сайт

Тайванийн Кийлөнг мөрөнд осолдоод буй “ATR-76” онгоцны хар хайрцгийг тайлах ажил хэдийнэ эхэлсэн тухай тус улсын “CNA” агентлаг мэдээллээ. Олон нийт ослын шалтгааныг цаг агаартай холбон тайлбарлаж байна. “ATR-76” хөөрөөд удалгүй төв станцаас холбоо тасарч, 40 орчим минут сураггүй алга болсон юм. Удалгүй онгоц нийслэл Тайпей хотын зүүн хэсэгт байрлах Кийлөнг мөрөнд осолдсон байхыг нь тогтоосон билээ. Хяналтын камерт бичигдсэнээр онгоц жолоодлогоо алдаж, гүүр мөргөөд усанд унажээ



Тайванийн “CNA” агентлаг

Ослын газарт онцгой байдлын 598 аврагч, 75 эмч, сувилагч, Тээврийн яамны 11 төлөөлөгч ажиллаж байна. Аврагчид өчигдөр осолдсон онгоцны эх биеийг уснаас татаж гаргасан билээ. Мөн албаны хүмүүс хар хайрцгийг Тайпей хотноо авчирч, тайлж эхэлжээ. Осолтой холбоотой мэдээллийг маргааш нийтэд танилцуулна.



Хятадын “Синьхуа” агентлаг

Тайваньд осолдсон “ATR-72” онгоцонд Хятад улсын 31 зорчигч зорчиж явсан. Ослоор 31 хүн амиа алдсан. Амиа алдсан хүмүүсийн дунд Хятад хүмүүс байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хятадын Тээврийн яамны төлөөлөгчид ослын газарт очсон. Ослын мөрдөн шалгах ажиллагаанд Хятад улс хамтран ажиллана.



Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин