Хүүхдийн тасаг байгуулахад зориулж 2.8 тэрбум төгрөг гаргана
2015-02-25

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцсэн байна.  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. ы Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, 2015 оны төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн ажлуудыг хийж, гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажилласан байна.

Тухайлбал, нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд эмнэлгүүдэд хүүхдийн тасаг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөтгөн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангахад 2.8 тэрбум төгрөг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хандивласан  шээсний шинжилгээний зөөврийн аппаратыг оруулж ирэх татварын зардалд 130 сая төгрөг, Бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3.8 тэрбум төгрөг төсөлд тусгажээ. ы Нийслэлийн 2015 оны төсөвт Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол төсвийн өөрчлөлтийн төсөлд 2 тэрбум төгрөг нэмэхээр санал оруулсан байна. Бичил бизнесийг дэмжих зээлийг хэрэгжүүлэхэд 2014-2015 он дамжин 6,7 тэрбум төгрөг зарцуулах бол тодотголоор 7,5 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад 3 тэрбум төгрөг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихад 500 сая төгрөг тусгажээ.
Б.Дэжид
Shuud.mn
Сонин хачин