С.Оюун: Сонгуулийн тогтолцоо нь пропорциональ болбол заавал эвсч, нэгдэх шаардлагагүй
2010-12-06

УИХ-ын гишүүн ИЗН-ын дарга С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урилаа.

- ИЗН, Ногоон намтай нэгдэхээр болсон. Харин нэгдсэн намаа хэзээ байгуулах гэж байна. Намын даргаар таныг сонгож байгаа гэсэн? - Ногоон нам нэгдэх саналыг тавьсан. Бид Улс төрийн зөвлөл, Үндэсний хороогоороо хэлэлцээд зарчмын хувьд саналыг дэмжсэн. Одоо техникийн хувьд асуудал байна. Энэ нь юу вэ гэхээр үзэл баримтлалаа яаж нэгтгэх, намын төлөөллөн удирдах байгууллагаа хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудал бий. Цаашлаад нэр, лого, дарга гээд олон зүйлийг ярилцахын тулд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Даргын хувьд ямар ч хувилбар байж болно гэж Үндэсний хороо үзсэн. Ногоон нам одоо хоёр даргатай. Үүнтэй адил нэгдсэн нам ч мөн хоёр даргатай байж болно. Д.Энхбат эсвэл С.Оюун, үгүй бол бүр цоо шинэ хүн гарч ирээд дарга болох ч юм уу, янз бүрийн хувилбар байж болох юм. Заавал том нөхцөл тавиад байгаа юм биш. Органик маягаар нэгдэхгүй, зүгээр л механикаар нэгдвэл сөрөг үр дагавар гарна. Тиймээс манай нам үүнд нэлээд нухацтай хандаж байгаа. Нэрийн тухайд Иргэний зориг-Ногоон нам гэдэг нэрийг хоёр тал зөвшөөрөх юм шиг байна. Үзэл баримтлалын хувьд ИЗН либераль үзэл баримтлалтай. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Дэлхийд гурван гол улс төрийн намын холбоо бий. Нэг нь Социалист интернациональ буюу зүүний намууд. Манай улсын хувьд Ардын нам энэ байгууллагын гишүүнээр олон жил болж байна. Барууны буюу Консерватив намуудын холбоонд Ардчилсан нам байдаг. Манай нам олон улсын Либераль интернэйшнл намуудын холбоонд бий. Намуудын гол зүйл бол улс орноо хөгжүүлэх өөрийн гэсэн бодлоготой, уг бодлогоо хэрэгжүүлэхийн тулд сонгуульд оролцож дараа нь засгийн эрх барьж түүний дор л нэгддэг. Амьдрал дээр үзэл баримтлал нь ялгагдахаа болиод зүүнүүд нь баруун тийшээ, баруунууд нь зүүн тийшээ яваад байгаа зүйл харагддаг. Эцсийн эцэст мартаж болохгүй зүйл бол намууд өөрийн гэсэн бодлогынхоо хүрээнд л нэгдэх ёстой. Ногоон нам мэдээж байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьдаг. Энэ нь манай либераль үзэл баримтлалтай зөрчилдөхгүй. Харин ч XXI зуунд баруун, зүүн ч бай байгаль орчныг нэгдүгээрт тавих ёстой.

- Улс төрийн хүчнүүд нэгдээд дараа нь ашиг сонирхлын зөрчлөөс болж салцгаадаг. Танай хоёр намын хувьд ч ийм зүйл гарах вий гэсэн хардлага хүмүүсийн дунд байгаа байх? - УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа цөөнх дөрөвхөн суудалтай үлдсэн. Энэ сонгуулийн дараа нэгдэж эвсэхгүй л бол ялах боломжгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд таван нам нэгдэж Ардчилсан нам болсон. Тухайн үед Эх орон нам, Бүгд найрамдах нам, ИЗН гуравдахь хүчин байсан. Гуравдахь хүчний намууд нэгдэж эвсэх л юм бол бүх зүйл сайхан болчих юм шиг гэнэн бодолтой байсан. Энэ нь үзэл баримтлалаа сайн ярьж чадаагүй, улс төрд бидний стратегийн гол түнш хэн байх вэ гэдгээ шийдэж чадаагүй зүгээр л механикаар нэгдсэн учир дараа нь нэгдэл нь эерэг бус сөрөг дүн авчирсан. Жишээлбэл бид Бүгд найрамдах намтай эвсч нэгдчихээд зөрчилдсөн гол зүйл бол ИЗН УИХ-ын 2004 оны сонгуульд Ардчилсан намтай нэгдэх нь зүйтэй гэж бодсон. Харин Бүгд найрамдах нам, Ардчилсан намтай эвсэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсанд л учир байгаа юм. Тэгэхээр ирэх сонгуульд хэрэв сонгуулийн тогтолцоо хэвээрээ байвал бас л эвсэхгүй бол амжилтад хүрэхэд хэцүү. Тиймээс сонгуулийн тогтолцоо хэвээрээ байвал Ардчилсан намтай нэгдэнэ гэсэн байр суурь дээр санал нэгдэж байгаа юу гэдгээ Ногоон намтай ярьж байгаа.

- Намууд эвсч, нэгдэх нь сонгуультай холбоотой. Хэрэв сонгуулийн тогтолцоо хэвээр үлдвэл яах вэ? - Сонгуулийн тогтолцоо нь пропорциональ болох юм бол заавал сонгуулийн өмнө эвсч, нэгдэх шаардлагагүй. Одоогийн можаритар тогтолцоо өөрөө бүх намыг хоёр блок руу л хүчээр түлхдэг. Тийм ч учраас 1990 оноос хойш 20 жилд олон сонгууль явагдлаа. Үүнээс харахад намууд эвсдэг, нэгддэг л түүх байна. Тогтолцоо нь ийм зүйл рүү түлхээд байгаа. ИЗН-ын хувьд ч 2008 оны сонгуульд нийт сонгогчийн 12 хувийн саналыг авсан. Ногоон нам, Иргэний хөдөлгөөний эвсэл 13-14 хувийн санал авсан юм билээ. Нэр дэвшигчдэд өгч байгаа саналыг нийлүүлэх юм бол гуравдагч хүчнүүд 20-оод хувийн санал авсан байдаг. УИХ-д бид доод тал нь нэг бүлгийн суудал авах боломжтой байгаа юм. Гэтэл одоо нэг л суудалтай байна. Энэ нь сонгуулийн тогтолцооны гажиг. ИЗН-ын хувьд пропорциональ тогтолцоог оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь улс төрийн намуудыг төлөвшүүлнэ. Сонгуулиас сонгуулийн хооронд үр дүн нь их савладаг. Би Сонгуулийн хуулийг өргөн барих Д.Лүндээжанцан нарын ажлын хэсэгт ажилласан. Хуулиа өнгөрсөн зургаан сард өргөн барьсан. Сонгуулийн хууль яригдахгүй нэлээд удаад байна. Уг хуулийг ярьж, шийдэх цаг нь болсон. Намын өнцөг гэж харахаасаа илүү сонгуулийн хуулийг шударга, үнэн зөв явуулах үүднээс пропорциональ тогтолцоо хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг хурдан шийдээсэй.

- Сонгуулийн хууль ярьж эхлэх үед намууд өөрт ашигтай хувилбарыг эхэлж харна. Үүний төлөө ч ажиллах байх. Харин танай хоёр нам нэгдсэнээр парламент дахь суудлынхаа тоог нэмж чадах болов уу? - Нэгдэж байгаа юм чинь мэдээж арай хүчтэй болно. Одоогийн можаритор тогтолцоо нь гуравдагч хүчинд ээлгүй тогтолцоо ч гэлээ суудлаа нэмэхийн төлөө л явна. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж байж бидэнд бодитой ирээдүй харагдаж байгаа юм. ИЗН-ын хувьд 10 гаруй жил парламентад суудалтай байна. Гэхдээ үр дүн нь ганцхан суудлаар илэрхийлэгдээд байгаа. Сонгогчдын 20 хувь нь хоёр намаас өөр намуудад өгөх сонирхолтой байдаг. Харин тогтолцоо нь өөрөө энэ хоёр нам руу л чиглээд байгаа.

- Ардын нам, Ардчилсан намын хувьд дотоод зөрчил нь харагдаж байна. МАХН, Ардын нам болсноор зөрчил үүслээ. Ардчилсан намын хувьд даргатайгаа холбоотой маргаан гарлаа. Ардчилсан намтай ойр байдаг хүний хувьд намын дотоод зөрчлийг нь хэрхэн харж байна вэ? - Ардчилсан нийгэмд, олон намын улс төрийн тогтолцоотой үед энэ зөрчил байх л асуудал. Санал бодлоо илэрхийлдэг, таарах таарахгүй хүмүүс байдаг, цөөнхөө сонсдог, гэхдээ олонхийнхоо шийдвэрээр явдаг. Дотроо төрөл бүрийн хэлэлцүүлэг үүсэх, асуудал дэвшүүлэх нь нээлттэй. Ардчилалд, аль ч улс төрийн намд байх л зүйл гэж бодож байгаа. Харин ч эрүүл гэж үзэж байна.

- Хамтарсан Засгийн газрыг стандарт бус гэдэг. Мөн олон шүүмжлэл дагуулж байна. Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд стандарт бус Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ? - Хамтрах үед нь томоохон асуудлаа шийдэж чадвал байж болох асуудал гэж бодсон. Томоохон гэдэг нь олон жил хөдөлж чадахгүй байсан Оюутолгой, Тавантолгойн төслийг хагас дутуу ч гэсэн хөдөлгөлөө. Миний хамгийн их санаа зовж, шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол 2008 онд хамтарсан Засгийн газарт орсон аль, аль нам нь маш хариуцлагагүй, бүтэшгүй амлалт өгсөн. Үүнээс болоод буруу бодлогууд үүсч байна. Энэ бол мөнгөний амлалт буюу сая, сая 500 мянган төгрөг. Огт байхгүй зүйлийг амлачихсан. Төсөвт ч байгаагүй. Тухайн үед сая төгрөг тараахад л тэр жилийн төсөв дуусч, тэтгэвэр, цалин зэрэгт юу ч үлдэхээргүй байсан. Тэд ийм л зүйлийг амласан. Тэр болгон иргэд тоог нь ойлгоогүй байж магадгүй. Улсад тийм мөнгө байхгүй. Эдийн засаг, санхүүгийн хямралаас гараад урагшилж байгаа ч гэсэн ирэх оны төсөвт ийм мөнгө байхгүй. Ирэх жил 21 мянган төгрөг өгнө гээд 702 тэрбум төгрөг баталлаа. Энэ жил өгсөн мөнгө, ирэх жил өгөх мөнгө хоёуланг нь нийлүүлээд сая 500 мянган төгрөг хүрэхгүй. Хичээгээд, хичээгээд 400 орчим мянган төгрөг л өгөх нь. Гэхдээ ирэх жил иргэн бүрт өгөх 252 мянган төгрөгийн санхүүжилт болох 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа. Тавантолгойн урьдчилгаа төлбөрөөс авна гэж байгаа боловч Тавантолгойн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байна. Үнэхээр хариуцлагагүй амлалт болсон. Хүмүүст тараах 702 тэрбум төгрөгөөр маш олон эмнэлэг, сургууль барьж болно. Хамгийн гол нь ажлын байр бий болгоод цалин нь амьдралд хүрэлцэхүйц тийм л бодлогыг УИХ гаргах ёстой боловч хариуцлагагүй амлалтаас болж замбараагүй бодлого гарч байна. Тухайн үед хоёр намын удирдлага, лидерүүд “тэнэг” ч юм уу, юм ойлгохгүйдээ амлачихсан юм биш. Тэд маш сайн мэдэж байсан. Сонгуульд ялах нь л ¹1 зорилго байсан. Миний бодлоор тараахын оронд хөдөлмөрлөөд авах хэрэгтэй. Ингэвэл наад зах нь инфляци хөөрөгдөхгүй. Олон хүн бидэнд ажлын байр хэрэгтэй гэж хэлж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бүтэн сар ажиллаад авахад чамлалттай мөнгө. Цалинг нэмэх нь зөв. Тараах гээд байгаа 702 тэрбум төгрөгөөр ажлын байр бий болгох хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр танд 21 мянган төгрөг очиж байгаа юм шиг боловч үүнээс илүү мөнгийг алдах гээд байгаа юм. Бэлэн мөнгөний оронд дотоодынхоо бүтээгдэхүүнээс авах эрхийн бичиг олговол бэлэн мөнгөний урсгал гадагшаа гарахгүй. Би саяхан нэг судалгаа үзлээ. Хүмүүсийн дунд бэлэн мөнгө тараахын эерэг, сөрөг тал гэсэн судалгаа явуулсан байна. Сөрөг тал дээр иргэд бараа, бүтээгдэхүүний үнэ, архидан согтууралт нэмэгдэнэ гэсэн байгаа юм. Өнгөрсөн жил 70 мянгыг тараасны дараа дэлгүүрүүдээр архи байхгүй болсон гэж сонссон.

- Энэ байдал бас л ирэх сонгуулийн үеэр давтагдах байх. Гэхдээ хэлбэрээ өөрчлөөд ч юм уу, ямартай ч амлалт байх нь тодорхой биз? - Хэзээ нэгэн цагт өгч магадгүй гэх сая төгрөгийн амлалтыг иргэд тоохгүй байхаар цалин, орлоготой болох шаардлагатай. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхад хуульд “Бэлэн мөнгө амлаж болохгүй” гээд заалт оруулж өгсөн. Гэхдээ энэ хууль батлагдах уу, үгүй юү. Дараагийн нэг заалт нь “Төсөв дийлэхгүй зүйлийг амлахгүй”. Уг нь санаа нь сайхан. Гэвч сонгуулийн үеэр аль нэг нам нь “Төсөв дийлэхгүй гэдгийг яаж мэдэж байгаа юм. Эдийн засаг сайхан болж байна. Бидний тооцоогоор” гээд ярих л байх. Эрх барьж байгаа том гээд байгаа намууд улс төрд шинэ хэм, хэмжээ оруулахгүй бол болохгүй. Улс төрийг эрүүл болгох цаг хэдийнэ иржээ. Энэ байдлыг харвал бүгд л “шаварт суучихсан” харагдаад байна.

- Та улс төрд шинэ үе гарч ирэх ёстой гэлээ. Харин залуу халаа нь улстөрчдийн хүүхдүүд эсвэл тэдний бэлтгэсэн залуус л гарч ирж байна. Ингэхээр хараат залуус л гарч ирнэ биз дээ. Энэ мэтчилэн яваад байвал таныхаар улс орон хөгжих сайхан үе харагдаж байна уу? - Заавал цус сэлбэх шаардлагатай. Залуусыг оруулж ирэхийн тулд сонгуулийн тогтолцоо чухал. Мөн мөнгөний хүчин зүйлийг багасгах хэрэгтэй. Улс төрд танигдана гэдэг маш чухал юм байна. УИХ-д л гэхэд эрэгтэйчүүд давамгайлчихсан байгаа. Шинээр эмэгтэйчүүд, залуусыг гаргаж ирэхийн тулд квот байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн квот тогтоохыг дэмжихгүй байгаа нь харагдаж байна л даа. Бодвол эрх мэдлээ хуваалцах дургүй байгаа бололтой. Би ер нь ирэх тав, арван жилд улс орон хөгжинө гэсэн өөдрөг бодолтой байгаа. Улс орныг хөлдөө чирэх бодлогогүй, “тэнэг” шийдвэр гаргахгүй бол хөгжих хөрс нь бэлэн болчихсон. Зөвхөн уул уурхай дээрээ дулдуйдаад хөгжинө гэж байхгүй. Мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэргээ хөгжүүлэх хэрэгтэй. Ашигт малтмалын үнэ өндөр байгаа дээр тодорхой мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан. Зэсийн үнээс тодорхой хэмжээний хуримтлал бий болгох гэж байна. Хэрэв ашигт малтмалын үнэ унавал хуримтлалын авдар руугаа ордог ийм тогтолцоо хэрэгтэй. Сонгуулийн үеэр үүнийгээ тэвчээд хуримтлуулах хэрэгтэй. Бас нэг зүйл ажиглагдаад байна л даа. Тавантолгойгоос орж ирэх байх гэсэн 500 тэрбум төгрөг хэрэв орж ирэхгүй бол зэсийн үнийн зөрүүнээс буюу хуримтлуулж байгаа мөнгөнөөс авчихна гэж хэн нэгэн бодож байж магадгүй. Тэгэхээр л нөгөө хуримтлал байхгүй болно гэсэн үг.

- Иргэний зориг нам ойрд яагаад нам гүм болчихов? - Ний нуугүй хэлэхэд бидний хувьд 2008 оны сонгуулиас хойш Сонгуулийн хууль өөрчлөгдөнө гэж харж байсан. Гэтэл одоо хичээсэн ч, хичээгээгүй ч үр дүн нь адилхан харагдаад байна. Сонгуулийн хуулийг харсан, хараагүй идэвхтэй ажиллахгүй бол болохгүй нь. Саяхан болсон Үндэсний хорооны хурал их шүүмжлэлтэй болсон. Нам илүү идэвхтэй байх, Ногоон намтай нэгдэе гэж байгаа бол үүнийгээ эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн. Эдгээр шүүмжлэлийг хүлээж авч байгаа.

- Танай нам Ногоон намтай нэгдсэнээр хүчээ зузаатгаж байна гэж ойлгож байгаа. Харин өөр намуудтай нэгдэж хүчээ зузаатгах бодол байна уу? - Мэдэхгүй. Одоохондоо санал тавьсан нь Ногоон нам. Зөвхөн нийлснээр бүх зүйл сайхан болно гэдэг худлаа. Өнөөдөр улс төрийн намууд хийж чадахгүй байгаа зүйлээ нэг намтай нэгдээд хийчихнэ гэвэл өрөөсгөл. Бид ч үүнийг мэднэ. ИЗН-д итгэл, үнэмшлээрээ олон хүн нэгдсэн учир үр дүн нь харагдахгүй ч 10 жил зүтгэж байна. Гишүүд, дэмжигчид байгаа болохоор би олон жил парламентад сууж байна.

- Бие даагч З.Алтай гишүүнийг нэгдсэн намд орж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд байсан? - Тэгвэл сайн л байна. Хэрэв нэгдэнэ гэвэл би л хувьдаа баяртай байна. УИХ-д гурван суудалтай болж ганц С.Оюун гэлтгүй гурав, дөрвөн лидертэй болбол илүү хүчтэй л болох байх.

- Ярилцсанд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин