ХААН Банк Сан “Гэгээн үйлстэн” шагналын эзэн боллоо
2015-03-27

Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас нийгэмдээ сайн сайхны гэрэл гэгээ, үлгэр дууриалал болсон байгууллага, хувь хүмүүсийг тодруулах “Гэгээн үйлстэн” ёслолын арга хэмжээг 03-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаа нь нийгэм болон ард түмнийхээ төлөө хийж бүтээсэн бодит сайн үйлсийг үнэлж урамшуулах, цаашид олон сайхан үйл хэргийг хэрэгжүүлэх урам зориг өгч байгаа бөгөөд ХААН Банк Сангаас орон даяар 5 дахь жилдээ амжилттай үргэлжлүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ удаа онцлон, 18 “Гэгээн үйлстэн”–ий нэгээр тодрууллаа.

 

Монгол улсын хөгжил дэвшил, хүн ардын амьдралд бодитой хөрөнгө оруулалтыг тогтвортой оруулагч ХААН Банк Сан нь 2011 оноос ХСҮТ,  МҮОНРТ-тэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г хавдрын өвчлөл өндөртэй орон нутагт хэрэгжүүлэн, үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж, шаардлагатай өвчтөнүүдэд яаралтай хагалгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг явуулсаар ирсэн билээ.

 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-г ард түмэнд хүргэхэд ХСҮТ-ийн алтан гарт эмч мэргэжилтнүүд хол замыг ажрахгүй туулан ямар ч нөхцөл байдалд тангараг өргөсөн эмчийн эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж, МҮОНРТ-ийн чадварлаг уран бүтээлчид өөрсдийн сурвалжлага, нийтлэл, эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлгээрээ хамтран ажилладаг юм. Монгол айл өрхийг эрүүл энх, элэг бүтэн байлгахын  төлөө хамтран зүтгэгч байгууллагуудын хамт олонд энэ дашрамд талархал илэрхийлье.

 

ХААН Банк Сан 2007 онд байгуулагдсан цагаас хойш хүн ард, нийгмийн сайн сайханд чиглэсэн 280 гаруй төсөл хөтөлбөрт 2,85 тэрбум гаруй төгрөгийн хувь нэмэр оруулсан байна.

 

Эрүүл аз жаргалтай Монголын төлөөх оролцоо улам батжиж, өргөн дэлгэрэх болтугай!

Shuud.mn
Сонин хачин