Сумын Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ховд аймгийн “Цэцэг” сумын Засаг дарга Д.Цогбадрах, “Алтай” сумын Засаг дарга Р.Бадамцэцэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Уг хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн “Байгаль хамгаалах журмын эсрэг” гэмт хэргийг таслан зогсоох талаар тодорхой ажил хийх шаардлагатай байгааг харгалзан үзэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн аж.
"Цэцэг", "Алтай" сумын Засаг дарга нар нь 2014 оны зургаадугаар сарын эхээр Ховд аймгийн “Цэцэг” сумын нутаг дэвсгэрт орших “Мянган Угалзат нурууны” тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газрын “Цагаан эрэг” нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал /вольфром/ олборлох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, улмаар тэднээс төлбөр хураамж авч, байгаль орчинд нэг тэрбум арван дөрвөн сая найман зуун далан зургаан мянга гурван зуун хорин гурван /1.014.876.323/ төгрөгийн буюу “онц их хэмжээ”-ний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Уг хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ