Гадуурхагдсан ЖДҮ
2015-03-29

 

Манай зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлж, ажилгүйчүүдийн тоог багасгана гэх зорилгыг “жижүүрийн үг” болтол байнга ярьдаг. Энэ үгийг хүн бүр чихээ дөжиртөл сонсч байна гэж ч болно. Дээр нь хэлж, ярихаас ч аргагүй. Гэхдээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд уул уурхай голлох үүрэгтэй гэх нэгэн цагийн нийтийн сэтгэлгээ эндүүрэл байсныг бид өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй өдрүүдэд мэдэрч байна. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой ажилчдын цомхотгол газар сайгүй явагдаж байгаа. Үүнд уул уурхайн салбарынхан ч өртсөн. Харин тогтмол үйл ажиллагаатай ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрийн бодлого чиглэгдэж байх хэрэгтэй аж. Олон улсад өнөөдрийн байдлаар жижиг дунд бизнесийг нийгмийн дунд ангийнхан эрхэлдэг байна. Энэ нь олон орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болдог ажээ. Хөгжингүй орнуудын нийт үйлдвэрлэлийн 70-90 хувийг ЖДҮ эзэлдэг байна Тухайлбал, АНУ-д хөдөлмөрлөгч хүн амын 53 хувь, Японд 71 хувь, Европын холбооны улсуудад ажилтай хүмүүсийн бараг тал нь ЖДБ-ийн салбарт ажилладаг аж. Тиймээс төр, засгийн бодлого гадуурхагдсан ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд хүч өгч байна.

 

Төслөөр мөнгө угаадгийг зогсооно

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулж, ажиллуулж ирсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгсөн нь цөөхөн. Энэ хүрээнд төр, засгаас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төсөл сонгон шалгаруулж, зээл олгосон.  Гэвч энэ төслүүдийн үр дүн гээд ярихад эрт ч юм уу, явцын байдлыг мэдээлэхэд хангалтгүй, зарим нь бүр салхинд замхарсан бололтой. Ямартай ч “888”-аас манайх хадаасны үйлдвэртэй л үлдэж. Жилд 250 тонн хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Харин үлдсэн 887 төслөөр юу хийж байгаа юм бүү мэд. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас асуухад “888 төсөл гэж ярихаа больцгоо. Гэхдээ энэ төслүүдээс 16 нь маш сайн гүйцэтгэлтэй, чанартай хийсэн зээл хэрэгжээд явж байна. Над дээр 3000 орчим төсөл овоолгоостой байна. Төслийн мөнгийг угаадгийг одооноос болиулна” гээд л загнаж ирээд хариулж байна лээ. Хадааснаас гадна хөөсөнцөр, плитаны цавуу зэргийг дотооддоо үйлдвэрлээд эхэлжээ.

 

ЖДҮ-ийн чиглэлээр сүүлийн 3-4 жилд авсан зээлийн хэрэгжилтийн талаар саяхан мониторинг явуулжээ. Харин ЖДҮ-ийн төсөл нэрийн дор зээл авчихаад хэрэгжүүлдэггүй зөрчил илэрчээ. Төслийн мөнгийг арилжааны хэлбэртэй ашигласан тохиолдолд ч гарсан байна. Төслийн мөнгөөр гадагшаа наймаа худалдаа хийж, импортын хэрэглээ үүсгэсэн гаж тогтолцоо ч бий болжээ. Тиймээс ч энэ гаж тогтолцоог Аж үйлдвэрийн яам таслан зогсоох арга хэмжээ авна гэж байсан. Цаашдаа ч төсөл хэрэгжүүлэгч нар мэргэжлийн боловсон хүчинтэй, суурь баазтай байхыг анхааруулж байна лээ. Харин ЖДҮ явуулах нэрийдлээр хөнгөлөлттэй зээлд хамрагдан, төслийн мөнгийг үрэн таран хийсэн, зориулалтын бус зүйлд зарцуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага байна уу? Эсвээс “мөнгө угаах явдлыг дахин давтахгүй” гээд л хариуцлага тооцохгүй өнгөрөөх уу?

 

 

Шалгуураас хасагдах “ажлын байр”

 

Тиймээс ч ЖДҮ-ийг дэмжин төсөл шалгаруулахад ажлын байрыг харгалзахааргүй болжээ. Бараа бүтээгдэхүүний өсөлт, чанар, үйлдвэрлэж байгаа технологийн байдал, өрсөлдөх чадвар зэргийг нь харгалзах бодлогыг баримталжээ. ЖДҮ-ийн хуульд өөрчлөлт оруулахдаа ажлын байрыг тэргүүлэх чиглэлээс хассан байна. Тухайн ЖДҮ-ийн нийт эргэлтийн хөрөнгийг харгалзах гэнэ. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь тухайн ЖДҮ-ийн эргэлтийн, үндсэн хөрөнгийн нийлбэр. Өндөр технологитой, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, экспортлох чадвартай бүтээгдэхүүний шалгуур тавьжээ. Энэ нь ажлын байр гэхээс илүүтэй бүтээгдэхүүний чанарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх гэнэ.

 

Аж үйлдвэр бол манай улсын эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа. Тиймээс ч төр засаг, төрийн бус байгууллагынхан ажлын байрыг өнгөрсөн хугацаанд улиг болтол давтацгаасан биз. Харин нийгмийн хөгжлөө дагаад өндөр технологи, чанартай бүтээгдэхүүн, өрсөлдөх чадварыг харгалзахаар болжээ. 

 

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барих юм билээ. Харин мөнгийг ямар зээлээр босгох вэ гэдэг асуудал тулгарна. ЖДҮ-ийн төслийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкаас зээл авах аж. Юутай ч үйлдвэржилтийг дэмжиж ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Эдүгээ Аж үйлдвэрийн сайдын ширээн дээр овоолгоостой байгаа 3000 төслөөс хэд нь дээрх 70 тэрбумд хамрагдах бол. Цаашлаад өндөр технологи суурилж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай  нь хэд бол. ЖДҮ-ийг дөнгөж эхлүүлж байгаа хүмүүст дээрх шаардлага хатуудна гэж үзэх хэсэг ч байна. Тиймээс ч өнөөх л үндэсний гэгдэх цөөн тооны компаниуд хамрагдах юм байна. ЖДҮ-ийг хөгжүүлье гэвэл шинээр ажлаа эхлүүлж байгаа хэсгийг дэмжих хэрэгтэй. “888” төсөлд шалгарсан төслөөс ч банкны зээлийн шалгуурт тэнцээгүй үндэслэлээр хасагдсан хэсэг бий. Харин банкны шалгуурт тэнцэж чадаагүй хэсгийн хөнгөлөлттэй зээлийн мөнгийг төсөлд шалгарсан үндэсний компаниуд хувааж хүртсэн гэх дам яриа гарсан.

 

Эдүгээ импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ЖДҮ-ийн төсөлд зээл олгоход дээрх асуудал давтагдахгүй гэх баталгаагүй. Шалгуур өндөрсөх тусам ЖДҮ-ийг эхлэн ажиллуулж байгаа хэсэгт хамрагдах боломж багасна гэж шүүмжлэлтэй хандах хэсэг ч байна. Гэхдээ Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хуулийн төсөл, Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх тогтоолын төслийг ирэх хаврын парламентаар хэлэлцүүлэхэд түшээд олон талаас нь хэлэлцэн батална гэж найдъя.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ер нь Монголчууд ЖДҮ гээд нэг хэсэг хүмүүст ялгаж зээл өгөөд нөгөө хэд нь дээш гарахгүй байгаа гол шалтгаан нь олж өгнө гээд хахуулийн бас нэр эх үүсвэр бий болгоод олж авсан нь гол зорилго нь хөгжүүлэх гээд аваад байгаа юм бишд байна Чех Герман зэрэг орны 5 15 хүниф цалин нийгмийн даатгал төлдөг ЖДҮ ийн ашгийн татвар о байдагт байна
2015-03-29