Хэргийг үнэн, зөв шалгаж өгөхийг хүсч байна
2015-03-30

Ачаа өргөж байсан автокраны сум хүрднээсээ мултарч, автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан осол өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт гарсан тухай мэдээлж байсан. Талийгаач, өөрийн ахтайгаа хувийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байжээ. Ослын үеэр түүний ах Л.Болдбаатар хамт байжээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

 

-Уучлаарай. Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Осдлын үеэр та дүүтэйгээ хамт байсан гэлээ. Юу болсон талаар?

-Дүү бид хоёр олон жилийн өмнөөс хувийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан. Хоёулаа жолооч. Тэр өдөр бид “Жагоб” ХХК-ийн хашаанд ачаа хүргэж очсон юм. Бинийг очиход ачаа буулгах хөлсний бололтой кран ирсэн байсан. Талийгч маань туршлагатай хүн болохоор энэ кран даахгүй байх, өөр кран авчирсан нь дээр байх гэж тэнд байсан компанийн хүмүүст болон краны жолоочид хэлсэн ч тоогоогүй. Кранист тросс татаад ачаагаа өргөсөн ч краны хүрд ханз үсрээд сум нь дээрээс унаад ирсэн. Сум унахдаа машины аравчинд хүчтэй цохиж, би нуруундаа цохигдоод газар унасан. Босоод хартал дүү маань краны доор хэвтэж байсан. Үнэхээр аймшигтай. Дүү маань цаашаа үсрэх гэж байсан ч хөл нь тээглэсэн байх гэж бодсон. Краны сум мөрөн дээр нь унаж нэг гарыг нь тасалчихсан, цээжин хэсгийг нь хоёр хуваагаад хаячихсан байсан. Аврах ямар ч боломж байгаагүй.

 

-Та өөрөө унасан гэлээ гайгүй юу. Ер нь кран хэдэн метрийн өндрөөс унасан, хэдэн тн ачаа өргөснийг барагцаалж байна уу?

-Бид Толгойтод байдаг өртөөнөөс 12 метрийн урттай лист төмөр ачиж ирсэн юм. Хоёр машинд нийт 64 тн төмөр ачсан. Кран 10 орчим метрийн өндрөөс унасан байх. Ойролцоогоор 9 тн ачаа өргөсөн болов уу. Оросын жижиг кран байсан.

 

-Уучлаарай. Талийгаач, та хоёр “Жагоб” ХХК-тай гэрээ байгуулсан байсан уу. Тэдний төлөөлөл болон кранисттай уулзсан уу?

-Гэрээ энэ тэр байгуулсан юм байхгүй. Манай хувийн тээврийнхэн чинь өөрсдөө тохироод л явчихдаг юм. Одоохондоо нэгэнтэй нь ч холбогдоогүй байна.

 

-Хэргийг хаана шалгаж байгаа вэ?

-БГД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан хэнийг шалгаж, хэнээс мэдүүлэг авч байгааг нь мэдэхгүй байна. Ослын газар байсан намайг дуудаагүй байгаа. Гэхдээ осол гарах үед гэртээ байсан хүнийг дуудаж юм асуусан байсан. Хэн, хэн нь мөнгө олохын тулд явсан аюулгүй байдлыг анхаарч хүний үгийг сонсох хэрэгтэй. Миний дүү алдахад кранистын буруутай үйлдэл бий гэж бодож байгаа. Энэ хэргийг үнэн, зөв шалгаж өгөхийг хүсч байна.   

 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин