Замын-Үүд Эрээний боомтыг түшиглэн чөлөөт бүс байгуулна
2015-03-30

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Цао Хун Ин тэргүүтэй төлөөлөгчидтэй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалт Эрээн хотод болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын холбогдох ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тохирон нэгдсэн ойлголтонд хүрсэн юм. Тодруулбал, БНХАУ-ын тал ирэх сард багтан Монгол улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөний саналыг хүргүүлэхээр болов. Улмаар манай тал судлан үзэж, холбогдох хариуг явуулахаар урьдчилан тохиролцоод байна.

 

Мөн Замын-Үүд Эрээн хотын боомтыг түшиглэн байгуулах хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байршлын асуудлаар санал солилцож, хил дамнасан бүстэй газар дээр нь очиж танилцлаа. БНХАУ-ын тал Монголын талын ажлын хэсгийг БНХАУ, Казакстаны хил дамнасан хамтын ажиллагааны бүс болох Хоргос боомтод очиж боомтын үйл ажиллагаатай танилцахыг санал болгосны зэрэгцээ уг ажлыг зохион байгуулах тал дээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

 

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр болохын сацуу хоёр орны хил орчмын бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа дээшлэхэд ихээхэн нөлөөлөх юм.

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Чөлөөт бүс болгоно гэж 30 жил ярьлаа. Дахиад 30 жил өнгөрөхөд бас л чөлөөт бүс болгоно гээд яриад суух байх даа
2018-04-12