Цэргийн ажиллагааг эсэргүүцэн жагсав
2015-03-30

 

Йемений нийслэл Сана хотын иргэд Саудын Арабын цэргийн ажиллагааг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласны улмаас мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөний үеэр 12 цагдаа гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Жагсагчид “Саудын Арабын дайралтаас болж Сана хотноо эмх замбараагүй байдал үүсч, өлсгөлөн, ажилгүйдэл газар авч байна” хэмээжээ. Жагсаалд 1.4 сая хүн оролцжээ.

 

Тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур өнгөрсөн долоо хоногт эх орноосоо дүрвэж, Саудын Араб улсад очсон юм. Түүнийг тус улсын эзэн хаан Абдуллах ибн Адбул-Азиз аль Салман орондоо байршуулж байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлэв. Тэрбээр эх орноо орхин гарсны дараа тус улсаас тусламж хүсч, шийт шашны “Хоути” бүлэглэлийг устгахыг хүссэн билээ.

 

Энэхүү саналыг Саудын Араб хүлээн авч, Сана болон томоохон хотуудад агаараас цохилт өгч эхэлжээ. “Мансур эрх мэдлээ эргүүлэн авах хүртэл агаараас цохилт өгөх болно” гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд аль Файсал мэдэгдсэн байна. Саудын Араб агаар болон хуурай замыг ашиглан хэт даврагчдад цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. “Энэ шийдвэрийн хүрээнд сөргөлдөөний бүс рүү 15 мянган явган цэргээ илгээхээр боллоо” гэж хааны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Хэт даврагч “Хоути” бүлэглэлийн эсрэг 10 улс нэгдээд байна. Саудын Арабын нисгэгчгүй онгоцууд дайралт хийсний дараа хэт даврагчид халдлага үйлдэх нь ихэсч, ганцхан долоо хоногийн дотор 500 гаруй хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин