Олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөн
2015-03-30

2022 оны өвлийн олимпийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө БНХАУ-ын нийслэл Бээжин, Казахстаны Алма Ата хот өрсөлдөж байна. Олимпийн хорооны үнэлгээний ажилчид Бээжин хотноо хүрэлцэн ирж, олимп зохион байгуулагдах газруудтай танилцсан байна. Ирэх тавдугаар сарын 4-10-ны өдрүүдэд олимпийн хорооны ажилчид Алма Ата хотноо ажиллах юм.

 

 

Осло хот нэрээ татжээ

Өвлийн олимп зохиох эрхийн төлөө өрсөлдөж байсан Норвегийн Осло хот өнгөрсөн оны сүүлээр нэрээ татжээ. Осло хотын удирдлагууд энэ тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан олимпийн хороонд мэдэгдсэн билээ. “Эрх баригчид олимп зохион байгуулахад шаардлагатай хөрөнгийг гаргаж, нөхцлийг бүрдүүлж өгөхөөс эрс татгалзсан. Тиймээс Осло хот олимп зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор татаж авлаа” гэж жиргэжээ.

 

Зөрчил мөргөлдөөний улмаас нэрээ татав

Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөлдөөнөөс болж Львов хот мөн нэрээ татжээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко баталсан юм. Украины Үндэсний олимпийн хорооны дарга Сергей Бубка, Ерөнхий сайд Арсений Яценюк нартай хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргаж, эцсийн шийдвэрээ арванхоёрдугаар сард ОУОХ-д хүргүүлсэн байна. Яценюк “Бид 2022 оны өвлийн олимпийг эх орондоо зохион байгуулахгүй. Харин 2026 оны олимпийг заавал эх орондоо зохион байгуулах болно” гэж мэдэгджээ.

 

Хоёр улс хасагдав

Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Украины Львов, Шведийн Стокгольм, Польшийн Краков, БНХАУ-ын Бээжин, Норвегийн Осло, Казахстаны Алма Ата хотууд өрсөлдсөн юм. Өнгөрсөн оны долоодугаар сард явуулсан санал хураалтаар Стокгольм, Краков нар урьдчилсан байдлаар хасагдсан бол Осло, Львов нар нэрээ татжээ. Өнгөрсөн сар Олимпийн хорооны төв сайтад “2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Бээжин, Алма Ата тунаж үлдлээ” гэж бичжээ. Өвлийн олимпийг зохион байгуулах хотын нэрийг ирэх долоодугаар сарын 31-нд Малайзын Куала Лампур хотноо зохион байгуулагдах ОУОХ-ны 128 дугаар их хурлын дараа зарлах юм.

 

Бээжин ялалт байгуулах уу

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах 2022 оны өвлийн олимпийг Бээжинд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа саяхан зохион байгуулагдсан “RIO 2016” уулзалтын үеэр хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Ази тивд өвлийн олимпийг зохион байгуулах бүрэн боломж байгаа. Бээжин бол үлгэр жишээ улс” гэж хэлжээ. Энэхүү мэдэгдлийн дараа хэвлэлийнхэн “2022 оны олимп Бээжинд зохион байгуулагдах нь тодорхой боллоо” гэж бичих болсон байна.

 

Олимпийн сүлд дууг Жеки Чан дуулна

Хэрвээ Бээжин хотод 2022 оны өвлийн олимп зохион байгуулагдвал сүлд дууг Хятадын алдарт жүжигчин Жеки Чанаар дуулахаар болжээ. Энэ тухай тус улсын Олимпийн хорооны дарга Лу Циань мэдэгдсэн байна. Тэрбээр “Жеки Чанд олон хүн хайртай” гэж хэлжээ. Жүжигчин эр дээрх саналыг хүлээн авснаа мэдэгдэж, хэдийнэ “Өвөл ирлээ” гэх дуугаа зохиож эхэлжээ. Бээжин ялалт байгуулвал олимпийн цэнгэлдэх болон бусад зүйлд 100 тэрбум юань зарцуулах гэнэ.

 

Алма Ата хуучин барилгаасаа салж эхлэв

Казахстаны Алма Ата хотынхон өвлийн олимпийн эрхийн төлөө өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн “Цас бударч байна” гэх аян эхлүүлсэн юм. Энэхүү аяны хүрээнд тус хот хог болон хуучин барилга, байшингаасаа салж эхэлжээ. Тус хотод хоёр цэнгэлдэх байдаг бөгөөд олимп зохион байгуулах эрх авбал дахин 4-5 цэнгэлдэх барих юм байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
энх:
манайхан өвлийн олимпоос юм зулгаачихаж магадгүй л юм байна даа.бээжин ч олимпийн медалиар монголд ээлтэй шүү .
2015-03-30
иргэн:
Бээжинд өвлийн олимп зохион байгуулагдвал утааны багтай очиж оролцох байх
2015-03-30