100 сая тонн нүүрсний зам

“162,3 тэрбум тонн нүүрсний нөөц нь Монгол улсыг дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч орнуудын нэг болгох болно” хэмээн “Coal Trans” дээр онцолж байсан нь 2012 он юм. Нүүрс үйлдвэрлэгчдийг худалдааны компаниуд болон нүүрс хэрэглэгчидтэй нь холбодог “Coal Trans” гэдэг байгууллага нүүрс үйлдвэрлэгчдийг худалдааны компаниуд болон нүүрс хэрэглэгчидтэй нь холбох үйл ажиллагааг голлон явуулдаг болохыг бид одоо мэддэг болсон. Хэтдээ том нүүрс экспортлогч орон болохыг нь тооцож өөрийн хурлыг Монгол улсад зохион байгуулж байлаа. Энэ форумд Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Индонези, Канад, Австрали, Америк, Голландын бизнесменүүд Монголын нүүрс үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоохоор ирсэн байсан нь манай нүүрсний ирээдүй өөдрөг харагдаж байсныг илтгэнэ.
Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 162,3 тэрбум тонн (нэмэлт хайгуулаар цаашдаа өсөх магадлалтай) бөгөөд 12 сав газарт нийтдээ 320 орд илрэл тогтоогдсон тухай мэдээлэл энэ үед тархаж бид ч өв хөрөнгөтэй хүн шиг толгой дээгүүр хэсэг явсан. Нүүрсээр хүнд үйлдвэрээ урагшлуулдаг эрчим хүчний хэрэглээ маш өндөр, тэрбум 400 орчим сая хүнтэй Хятадийн зах зээл манайхтай хил залгаа байгаа нь Индонези, Канад, Австрали, Америк, Голланд зэрэг нүүрсээр наадагч улсуудыг Монголд даллах цагаан алчуур болж байсныг манайхан ер нь ойлгож байсан болов уу. Баялагтаа эрдээд баахан сохорч гадныхан манай нүүрсийг гуйхаар ирсэн гэж андуураагүй байх.
Аливаа нэг юмыг ашигтай гээд хэлчихвэл хэтэрхий яардаг төрөлхийн гэмээр адгуу манайхан хамгийн ойрхон зах зээлдэх нүүрсээ гаргаагүй байхдаа гуравдагч зах зээлийг ам уралдан ярьж эхэлснээ энд нэг дурсан санах ёстой байх. Ингэснээр урд хөшийнхөө эгдүүг хүргэж хамар доорхи зах зээлийнхээ хаалгыг бариулчих шахсан байдаг.
Нүүрсэн дээр Монголтой түншлэхэд дэд бүтэц байхгүйн хүндрэл байгааг гадныхан харж байсан ч үүнийг шийдэж болох асуудал гэж үзэж байсан хэрэг. Ингэж харах ч үндэслэл байжээ. Учир нь тэр үед дэд бүтэц цахилгаан болон усан хангамжийн систем байхгүй сул талаа мэдэрсэн Монголын төр дэд бүтцийн салбарт төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтыг багасгаж, хувийн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Концессын тухай хуулийг баталчихаад байсан хэрэг. Нүүрсний нөөцөөрөө дэлхийн 15 орны нэгд багтчихаад “нүүрс ч байна даа” гээд соохолзоод байсан орны хувьд энэ нь зайлшгүй батлах хуулийн нэг байлаа. Ингээд зах зээл дээр зэс алтыг цэвэр дараад гарч ирсэн нүүрс дэд бүтэц л байвал эдийн засагт мөнгө хөрөнгө оруулаад байх дүр зураг дахин тодорч эхэллээ. 2010 он гарахад МАК, “Тавантолгой” ХК-иуд 5 сая тонн нүүрс экспортолж бусдыгаа тэргүүлсэн бол араас нь “Энержи Ресурс” 3,9, “Саусгоби сэндс” 2.5, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” 1.8 сая тонн нүүрс экспортолж чадсан байдаг. Гэхдээ Хятадын хувьд энэ бол хамрын тамхи төдий л нүүрс байлаа. Тэр үед Хятадын нүүрсний компаниудын холбооны тэргүүн Девид Фанг “Дэлхийн Number 1” коксжих нүүрсний импортлогчийн “Дэлхийн Number 1” нийлүүлэгч нь Монгол болоосой гэж хэлж байлаа.
Гэхдээ түүний энэ ерөөл биеллээ олж популист эх орончдын босгосон хаалт ханыг давж гарахын тулд даанч хол зам туулах ёстой байжээ. Алт зэсний үнэ дэлхийн зах зээлийн хамааралтай унаж байсан бол нүүрсний хувьд гай газар доороос биш яг хажуугаас нь босч үнэгүйдэж ирсэн хэрэг. Аливаа нэг юмыг ашигтай гээд хэлчихвэл хэтэрхий яардаг төрөлхийн гэмээр адгуу манайхан хамгийн ойрхон зах зээлдэх нүүрсээ гаргаагүй байхдаа гуравдагч зах зээлийг ам уралдан ярьж эхэлснээ энд нэг дурсан санах ёстой байх. Ингэснээр урд хөшийнхөө эгдүүг хүргэж хамар доорхи зах зээлийнхээ хаалгыг бариулчих шахсан байдаг.
Мэдээж нүүрсээ гуравдагч зах зээл рүү хэрхэн хямд тарифаар хүргэх вэ гэсэн асуудал үйлдвэрлэгч болон худалдааны компаниудын анхаарлын төвд байх хэдий ч эхлээд ойрын зах зээлдээ баттай байр суурьтай болох ёстойг салбарыхан хэлж байсан. Гэхдээ “аюулгүй байдал”-д харш гэсэн өргөлттэй нэг талын байр суурь бүхий хүчтэй сурталчилгаа Хятадыг алгасаж гуравдах зах зээлд нүүрсээ хүргэх мөрөөдлийг бодитой мэт харагдуулж олон нийт хоёр хуваагдав. Ийнхүү бага зардалтай, өндөр ашигтай байх зах зээлийн зарчим “Хятад биш бол хэн ч яахав” гэсэн бидний цусны юмыг бас л давж чадсангүй. Ойрхон том зах зээл байх нь энд хамаагүй. Олон нийтийн Хятадад дургүй байх цучилыг ганц үлээхэд л хангалттай. Хажууд байх том зах зээлд нүүрсээ борлуулж мөнгө олох бизнес санал гаргасан хүмүүс Хятадын даалгаврыг биелүүлэгч урвагч гэгдэж чулуугаар шидүүлэхийнхээ өмнө амаа хамхиж эхэлсэн байдаг. Хятадад өгөхгүй бол дэлхийг тойрсон ч хамаагүй Оросоор дайруулж төмөр зам тавина гэсэн хувилбар зураг төсөлтэйгээ яригдаж эхлэв. Богинохон төмөр зам тавьж шороо тортогноосоо салаад Хятадын хэдэн гангийн үйлдвэрийг нүүрсээрээ хангаад эхлэе гэсэн санааг дэмжсэн хүмүүс бүгд буруудав. Урдаас танк цэрэг ачсан цуваа орж ирэх замыг нээх гэсэн эх орны дайснууд болж цоллогдов. Энэ бүхний эцэст нүүрсээрээ мөнгөжих бидний мөрөөдөл уурхайдаа үлдсэн гэхэд болно.
Нүүрс тойрсон энэ бүх үйл явцын эхэнд гуравдагч хөршийг хүсэмжлэх бидний амбиц хэтэрхий эрт илэрсэн тул Хятадын төмөр замын байгууллага Эрээнээс Тянжинь хүртэл Монголын түүхий эдийг тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Ер нь Хятадын төмөр зам тус улсын үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлэх гэж байгаа бол үнэ хямд, харин Хятадын нутгаар дамжин боомтод хүрье гэвэл зөвшөөрдөггүй, зөвшөөрсөн ч өндөр тариф тогтоодог хатуу бодлоготой. Харийнхны энэ хайрцагны бодлого зүй ёсны хэрэг. Ногооны талбайд ганц худаг эзэмшдэг газрын эзэн ч усны үнээ барихын тулд энэ хэрийн бодлого явуулна.
Яах гэж энэ бүхнийг нуршив. Хөгжлийн бодлогоо харсан, зах зээлийн бодит тооцоо судалгаанд тулгуурласан шийдлээр бус олон нийтэд таалагдах талаа бариад өнөө маргаашаа аргалж сонгууль тосох популизм уул уурхайн асуудалд дээр одоо ч том нөлөөлж чадаж байгаа нь харамсалтай.
Одоо ч нүүрсээрээ нүүрээ будаж эх оронч болох гэсэн уралдаан явагдсаар байна. Алдаагаа засаад томхон алхаж хөрөнгө оруулалт авах гэсэн Тавантолгойн хэлэлцээр мухардсан энэ үед дээр дурдсанаар гай газар доороос биш дахиад л бидний дотроос босч ирэх дохио дахин чимээлж байна. Чалкод өрөө төлөөд нэмээд Цанхын нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээний заалт ил болсноор 2.5 жилийн хугацаанд 30 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар тусгагдсан Тавантолгойн төсөл гацчихаад байна. Одоо шаварт унасан шарын эзэн болох төслийн багийн “Чайна Шенхуа Энержи” өөрийн улсын компани болох “Чалко” –тойгоо гарц хайн хэлэлцээ хийж байгаа сураг байна. Нүүрсээ нийлүүлэх дээр хатуу гэрээ хийгээд зээл авчихсан манай төр энэ нөхцөлд өөрөөр ярих боломж харагдахгүй байгаа. Манай эх орончид энэ үйл явцын хариуг хүлээж тэсэхгүй, нааштай үр дүн гарах вий гэж түгшсэн мэт Хятадын компаниуд монголын асуудлыг шийддэг болжээ гэж ард түмнийхээ эмзэг цэг дээр зүүгээр хатгаж үзэж байх юм.
Манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, хөрөнгө оруулалтын даатгалын Сөүлийн конвенци, хөрөнгө оруулалтын маргааныг эцэслэх Вашингтоны конвенци, 34 оронтой Давхар татварыг арилгах зэрэг гэрээнд нэгдсэн, хөрөнгө оруулагчдын эрх зүйн асуудлыг олон улсын түвшинд хангасан найдвартай орон гэж гадаад талдаа зарлачихсан тул дэлхийд нэрээ баасдаж гэрээгээ биелүүлэхгүй байх орон зай үндсэндээ байхгүй болсныг энд онцлох ёстой байх. Одоо танилын нүүр халуун гэдгээр Хятадын хоёр компани манай тавьсан өрийн гэрээг хэрхэн мултлах дээр зөвшилцөж байгаа гэж ойлгогдож байгаа. Аргаа барсан хэрэг боловч энэнээс өөр гарцыг зааж хэлж байгаа хүн байна уу даа.
Монголын нүүрс “моод” болж байх цагт нийслэлд хөл дарж байсан гуравдагчууд одоо бүгд үргэсэн. 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн нүүрсний үнэд нөлөөлдөг, тэр бүү хэл үнийн хувь заяаг шийддэг хүчирхэг улс болно гэж Форумдаж байсан улс өдгөө ганц чиглэлд төмөр зам тавьж чадаагүй, өнөөх том зах зээлдээ нүүрс нийлүүлэх өрөнд орчихсон, хөрөнгө оруулалт татах гэсэн орд нь барьцаанд тавигдчихсан, өдөр бүр 120-180 тонны даацтай 300-500 машин шороон замаар нүүрс тээвэрлэж, бэлчээр хөрсийг сүйтгэсэн хэвээр сууж байгаа юм. Хятадруу чиглэсэн экспортын эсрэг сөргүүлж байсан өнөөх гуравдагч зах зээлдээ ганц тонн нүүрс ч гаргасангүй.
Нүүрсний замд тохиолдох гай газар дороос биш дандаа дотроосоо босч ирээд байхаар бид нүүрсээ зарж мөнгө олох гээд байгаа юм уу. Яг яах гээд байгаа юм бэ гэсэн эргүүтсэн гэмээр асуултыг тавих болж байна. “Аавын цээж” гэдэг шиг “харийнхан хаа холдох вэ” гэсэн бардамналаар үргээлэг хийхээ одоо зогсоомоор болжээ. 2025 онд 100 сая тоонд хүрэх чигтэй нүүрсний экспортын замаа зүдэргээтэй болгосны дүнд тэгээд бид юу хожиж, Хятад яаж хохирсон бэ гэдгийг нэг харах ёстой байх.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ