Маргаашнаас нөөцийн мах худалдаанд гарна
2015-03-30

Энэ долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр мах бэлтгэлийн “Мах маркет”, “Хүнс импекс” компани дээр ажиллалаа.

 

“Мах импекс” компанийн хувьд 3,112,1 тн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд жижиглэнгээр зарахаар савлан баглаж байна хэмээн захирал Г.Будрагчаа танилцуулсан юм. Тэрбээр “Манайх гэрээний дагуу 3000 гаруй тонн мах бэлдэхээс ямааны мах 78 тонн илүү, хониных 1218 тонн, үхрийнх 917 тонныг тус тус бэлдсэн.

 

Энэ жилийн хувьд МХЕГ, ОБЕГ, Монголбанкнаас нөөцийн мах бэлтгэлд хяналт тавьсан учраас өмнөх жилүүдээс илүү чанартай. Хэдий цаг хугацааны хувьд хожуу худалдаанд гарч байгаа ч, зах зээлийнхээс хямд учраас борлуулалт гайгүй байна байх. Худалдаанд гаргахад бэлэн” хэмээн мах ангилан савлах цех болон нөөцөлсөн зоорь саваа үзүүлсэн байна.

 

Харин “Мах маркет” компанийн хувьд 3.006,5 тн нөөцийн мах бэлтгэсэн. Өмнө нөөцийн мах бэлтгэлд оролцож байсан туршлагатай. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэмээн гүйцэтгэх захирал Л.Болор “ Нийтдээ 3000 тонн мах бэлтгэхээс үхэр 30 хувь буюу 900 тонн, ямаа бас 30 хувь буюу 900 тонн, үлдсэн нь хонины мах. Маргааш, нөгөөдрөөс худалдаанд гаргаж эхэлнэ” гэлээ.    

 

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 14.544.6 тн нөөцийн мах бэлтгэжээ. Албаныхны өгч буй мэдээллээр маргаашнаас эхний үйлдвэрүүд сүлжээ дэлгүүрүүдээр махаа борлуулж эхлэх бөгөөд энэ сарын дундуур гэхэд борлуулалт жигдэрнэ хэмээн төлөвлөөд байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин