Оюунлаг монгол иргэдийг бүтээх оюуны спортыг дэмжие
2015-03-31

Оюуны спорт болох шатар, даамаар суралцаж буй шавь нараа сум, аймаг, улсын аваргын тэмцээнд оролцуулж амжилт гаргаж яваа Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дунд сургуулийн технологийн багш Г.Сүхбатын талаар өчигдөр “Б.Билгүүндарь охиныг зорьсон 1000 км” сурвалжлагаараа цухас дурьдсан билээ.

 

Тэрбээр анх 2003 оноос даам, шатрыг хүүхдүүдэд зааж эхэлсэн бөгөөд өдгөө 400 гаруй шавьтай, Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан юм байна. Ингээд Г.Сүхбат багш болон шавь нартай нь ярилцаж, сэтгэгдлийг сонсон юм.  

 

Оюуны спортод анхаарал бага хандуулж байгаад харамсдаг

 

Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Г.Сүхбат багш Намайг Гончигдоржийн Сүхбат гэдэг. Миний хувьд МУБИС төгсөөд Технологийн багшаар багшилж байгаа. Робокон тэмцээнд шавь нараа бэлтгэж, Дархан хотод болсон тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртэж байсан. 2003 оноос сургууль дээрээ шатар даамыг хүүхдүүдэд зааж өгдөг болсон. Шатар даамын дугуйланд 5 настайгаас нь хүүхэд авдаг. Гэхдээ сонгож авдаг юм. Яагаад гэвэл сайн сууж сураагүй байдаг юм. Хамгийн том нь 11 дүгээр ангийн хүүхэд суралцдаг.

 

Миний шавь нараас Ази, дэлхий,  улсын хэмжээнд өрсөлдсөн спортын дэд мастерууд төрөн гарч байна. Шавь нар маань жилээс жилд улам бүр сайжирч байгаа. 2013 онд Узбекстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд С.Гандиймаа, Г.Пүрэвсүх, Б.Билгүүндарь гурав оролцсон. Г.Пүрэвсүх маань Азийн аварга болсон.  Өнгөрсөн онд Тайланд улсад С.Гандиймаа, У.Намуунаа хоёр оролцсон. С.Гандиймаа маань өмнөх жилийнхээ амжилтыг бататгаж V дугаар байр эзэлж, Польш улсад зохиогдох Дэлхийн аваргы тэмцээнд оролцох эрх авч байлаа. Энэ жилийн хувьд хүүхдүүд маань аймгийн тэмцээнд багаараа түрүүлсэн. Улсын аваргын тэмцээнд манай баг амжилттай оролцож, Азийн аваргад оролцох эрх авсан.

 

Шавь нар маань тэмцээндээ амжилт гаргаж, Азийн аваргад оролцох нь нэг талаас сайхан боловч нөгөө талаас эдийн засгийн хувьд эцэг эхчүүдээ эдийн засгийн хүнд байдалд оруулж байгаа. Жил болгон л хүүхдүүд маань Азийн болон Олон улсын тэмцээнд оролцох болзол хангаж байна. Гэтэл хүүхдүүдийн тэмцээнд оролцох зардал нь багш болон эцэг эхчүүдийн халааснаас гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэээр Даамын холбоо хөөцөлдөж байгаа ч сайн үр дүн гарахгүй байна. Миний бодлоор нэгэнт л Улсын аварга шалгаруулах гэж байгаа бол хүүхдүүдийн тэмцээнд орох зардлыг улс даадаг байвал хөдөөнөөс ч гэсэн хүүхдүүд идэвхитэй  оролцоно.

 

Зарим сайн хүүхдүүд маань аймгийн аваргад ороод амжилт гаргасан ч улсын аваргад орж чаддаггүй. Хүүхдүүд зардлаасаа болоод тэмцээнд орж чадахгүй үлдэхийг хараад багш хүний хувьд эмзэглэдэг. Аймгийн аваргын тэмцээний хувьд сум орон нутаг, сургуулиас шатахууны асуудлыг нь шийдээд, хоол, байрны асуудлыг шийдвэрлэж болдог. Аймгаас цааш улсын аваргад оролцох гэхээр зардал өндөр болдог. Улсаас ядаж тал зардлыг нь даачихдаг байгаасай. Түрүү жилийн Азийн аваргад манай сумын албан байгууллагууд хүүхдүүд олон улсын тэмцээнд анх удаа оролцож байна гээд 2 сая гаран төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан. Дандаа ингэж дэмжлэг үзүүлээд байх боломж нь хэр билээ.

 

Миний хувьд томилолтын мөнгө гэж авдаггүй. Цалингийн зээлтэй. Цалингийн зээлээ үргэлжлүүлээд л нэмж аваад явдаг. Нэг талаар хүүхэд хөгжүүлэх сайхан. Шавь маань амжилт гаргаад медаль авахаар багш хүн болохоор сэтгэл их сайхан болдог. Шавьдаа амжилт гаргалаа, илүү сайн болох ёстой гэж захидаг. Даамын холбооноос гаргасан мэдээллээс харахад Азийн аваргад оролцох зардал, байрны төлбөр зэргийг гаргасан байна лээ. 13 хоног тэмцээнд оролцоно гэж тооцвол нийт зардал 2 210 000 төгрөгийн тооцоо гарч байсан. Энэ нь нэг хүүхдийн л зардал.

 

Узбекстаны дараа Тайландын нээлттэй тэмцээнд  оролцох бодолтой байгаа. Бидний мөнгө хүрэхгүй буцаад л ирэх байх. Уг нь Тайландын нээлттэй тэмцээнд орох нь хүүхдэд ямар ашигтай юм бэ гэж асуух байх. Нээлттэй тэмцээн учраас Азийн, дэлхийн  том том цолтой их мастеруудтай тоглох боломж олдоно. Хожигдсон ч хамаагүй их нүүдэл үзэж, тогтоож авна. Хэрвээ Тайланд явахаар бол хоёр цуврал тэмцээнд оролцоно. Ингээд тооцвол нэг хүүхдээс  7-8 сая төгрөг гарна. Бөх, жудогийн тэмцээнийг улсаас анхаарч төсөв мөнгө гаргаж, анхаарлаа хандуулдаг. Гэтэл оюуны спортод анхаарал бага хандуулж байгаад харамсдаг.

 

Шатар даам тоглох нь хүүхдэд ямар хэрэгтэй юм бэ гэвэл нэгдүгээрт тэсвэр хатуужилтай болно. Хүүхдийн  ухаан тэлж байдаг. Өнөөдөр шатар даамыг сайн тоглож чадахгүй байж болох ч өдөр ирэх бүр сайжирдаг. Оюун ухаанаа зөв хөгжүүлсэн хүүхэд  аливаа зүйлд сандарч тэвдэхгүй, уужуу тайван ханддаг болно. Тэсвэр хатуужил сууна. Хүнтэй харьцаж сурна. Ялангуяа шатар даам нүүж байхдаа өрсөлдөгчөө ажиглаж, биеийн хөдөлгөөн, харцаар нүүдлийг нь таамаглах зэргээр хүн судлаач болно. Хүүхэд шатар даамын хөлөгний ард хамгийн багадаа 3 цаг сууж байж, цаг дуссаны дараа л босч ирдэг. Цаг дуустал тоглоод л хожвол хожиж, хожигдвол хожигдоод босч ирнэ. Энэ нь хүүхдийн хүмүүжлийн хувьд их чухал зүйл. Монголын уламжлалт хүнийг хүмүүжүүлдэг аргуудын нэг шатар, даам шүү дээ.

 

Бид хүүхдийг сургаж болж байна. Гэтэл эдийн засгийн асуудал давхар яригддаг болохоор энэ айлын хүүхдийг шатар даам сургаж гавъяа байгуулж байгаа ч эдийн засагт нь асар их хохирол учруулж байна даа гэж санаа зовнидог болсон. Тийм учраас оюуны спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг төр засаг анхааралдаа авчихвал тэдний тоглох чадвар улам бүр сайжирч, эцэг эхийн нуруун дээрх ачаа багасна даа гэж боддог юм.

 

Гадаад явах бэлтгэлдээ орсон

 

Зүүн гар талаас Ө.Агиймаа. 6 настай. Даамын Улсын аваргад оролцоод I дүгээр байранд орсон. Намайг Өлзий-Оршихын Агиймаа гэдэг. Би 6 настай. Нэгдүгээр ангид сурдаг. 5 настайгаасаа даамаар хичээллэсэн. Саяхан аймаг руу Даамын тэмцээнд оролцоод II дугаар байранд орсон.

 

Тэндээсээ хот яваад Улсын аварга шалгаруулах даамын тэмцээнд оролцоод I дүгээр байранд орсон одоо гадаад явах гэж байна. Гадаад явах бэлтгэлдээ орсон. Би том болоод эмч болно. Багшдаа даам зааж өгсөнд баярлалаа. Цаашдаа хичээж суралцаад илүү сайн амжилт гаргана гэж хэлье.

 

Д.Эрдэнэбилэг ах шиг сайн тамирчин болохыг хүсдэг

 

С.Гандиймаа. Түүний ирээдүйн зорилт бол Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг шиг сайн тамирчин болох. Намайг Сосорбарамын Гандиймаа гэдэг. Би “Эрдмийн ундраа” сургуулийн 10б ангид сурдаг. Даам шатраар 2 дугаар ангиасаа эхлэн хичээллэж эхэлсэн. Энэ жил Улсын аваргад 7-д орж, Азийн авргад оролцох эрхээ авсан. Өмнө нь 2 жил Азийн аваргад ороцлсон. Эхний жил Узбекстанд, түрүү жил Тайландад зохиогдсон тэмцээнд оролцоод V дугаар байранд орсон.

 

2014 оны 12 сард Дэлхийн аваргад оролцоод 50 хувиа хийгээд ирсэн. Дэлхийн аваргын шалгуур илүү өндөр, өрсөлдөгчид ихтэй байдаг. Даам шатраар хичээллэхэд сэтгэх чадвар сайтай болдог. Анх суралцаж байхад босч гүйх гээд сууж чаддагүй байсан. Одоо бол ингэвэл энэ хүүхэд ингэж нүүнэ гэж бодсоор илүү няхуур болсон. Сургуулиа төгсөөд би МУБИС-д орж багш болно. Дэлхийн аваргад оролцож байхдаа Дэлхийн аварга домогт Зоя-тай таарсан. Агуу хүнтэй уулзаад мэндлээд явна гэдэг үнэхээр сайхан дурсамж үлдээсэн. Маш олон найзтай болж, туршлагаа солилцох нь амжилтад нөлөөлдөг.

 

Олон улсын тэмцээнд ороход англи хэл шаардагддаг. Гэхдээ гадаад явахаар англи хэл сайжирдаг юм байна лээ. Сая улсын аваргад оролцоод дараа нь Залуучуудын аваргад оролцсон. Залуучуудын аваргад оролцох үеэр ОУМ А.Дашбаяр эгч, Дэлхийн аварга М.Одгэрэл эгчтэй таарч туршлага судалсан. Г.Сүхбат багш маань хянуур бай, толгойгоо ажилуул гэж их хэлэх дуртай. Тэмцээнийхээ дараа анализ хий, нүүдлээ сайн судла гэдэг. Улсын аваргад явахдаа бөөнөөрөө нэг дор байрладаг. Багш өөрөө биднийг хариуцаад явдагт их баярладаг.

 

Мэдээж миний өнөөдрийн амжилт Сүхбат багштай минь холбоотой. Өнөөдрийг хүртэл биднийг ингэж сайн сургаж, гадаадад очиж тэмцээн уралдаанд оролцох  хэмжээнд хүртэл сургасанд баярлалаа. Аав ээжтэй минь эн зэрэгцсэн сайхан багшдаа маш их баярлаж явдаг. Хамгийн хамгийн хайртай багш минь. Миний ирээдүйн зорилт бол Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ах шиг сайн тамирчин болохыг хүсдэг.

 

Би том болоод талбайн инженер болно

 

У.Намуунаа. Энэ хөөрхөн охин ирээдүйд дэлхийн аварга болно гэсэн. Мөн том болоод талбайн инженер болно хэмээн итгэлтэй хариулж байсан юм. Намайг У.Намуунаа гэдэг. 5 ангийн сурагч. 2 дугаар ангиасаа шатар даамаар хичээллэж эхэлсэн. Анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртэж байсан.

 

Тэрнээс хойш хүрэл, алтан медаль авч, 2014 онд Тайландын Банкок хотноо болсон нээлттэй тэмцээнд  оролцож, V байранд орж байсан. Тайландад очиж олон найзтай болсон.  Би дэлхийн аварга болохыг хүсдэг.

 

Багшийгаа уурлуулж гомдоодог бол уучлаарай. Багшдаа хайртай шүү. Тэмцээнд явж байгаа найзууддаа сайн оролцоорой л гэж хэлмээр байна. Би том болоод талбайн инженер болно. Яагаад гэвэл барилга барихад хэрэгтэй тооцооллыг хийдэг болохоор таалагддаг.

 

Алтан медаль авч байхдаа ээж маань баярлана даа л гэж бодож байсан

 

2013  оны Азийн даамын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Пүрэвсүх хүү. Тэр энэ жил эгч нарыгаа дээд сургуулиа төгсөхөд нь тус болж, Азийн аваргад явахаасаа татгалзаж чадсан. Намайг Галбадрахын Пүрэвсүх гэдэг. Би 5-7 насандаа аймаг явсан. Энэ жил даамын Улсын аваргадаа оролцож чадаагүй. Яагаад гэвэл хоёр эгч маань оюутан. Энэ жил мөнгө арай хүрэлцэхгүй байгаа тул миний хүү өнжчих гэж ээж аав хэлсэн. 2013 оны  тавдугаар сарын 28-нд би Узбекстан улсын Ташкент хотод зохиогдосон Азийн аварга шалгаруулах даамын тэмцээнд оролцсон. Үндсэн тоглолт, түргэвчилсэн тоглолт, блиц тоглолт гээд  нийт гурван тоглолт байдаг.

 

Нэг тэмцээнд нь оролцож чадаагүй гээд гуниглаж байсан ч нөгөө хоёртоо амжилттай оролцоод алтан медалын эзэн болсон. Миний  хамгийн ширүүн өрсөлдөгч нь Узбекстан улсын хүүхэд байсан. Тэр гогцоо хийж барьдаг систем хийж хождог байсан ч би түрүүлж чадсан. Алтан медаль авч байхдаа ээж маань баярлана даа л гэж бодож байсан. Даамаар хичээллээд 3-4 жил болж байна. Хамгийн дуртай хичээл маань математик, монгол хэл.

 

Даам тоглож сурснаар математиктаа сайн болсон. Би том болоод багш болно. Хажуугаар нь хүүхдүүдэд даам зааж өгнө. Дараа жил Улсын аваргад заавал явна. Яагаад гэвэл хоёр эгч маань дээд сургуулиа төгсөх учраас боломжтой болно. Багш минь байгаагүй бол Азийн аварга болж чадахгүй байсан. Багшаа танд баярлалаа.

 

Эцэг эхийн санхүүгийн боломж амжилтад нөлөөлнө

 

Ө.Агиймаагийн аав. Тэрбээр бусад спортуудыг дэмждэг шигээ оюуны спорт болсон шатар даамыг дэмжиж өгөөсэй гэж хүсч байна. Дэмжлэг багадахгүй шүү дээ хэмээн өгүүлсэн юм. Намайг Ганбаатарын Өлзий-Орших гэдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань энэ жил Цэцэгмаа багштай 1б ангид орж суралцсан. 

 

5 настайд нь анх даамын нүүдэл зааж өгч байлаа. Энэ жил сургуулийнхаа даамын аваргад оролцон I байранд орсон. Аймагт 100 буудалт даамаар II,  64 буудалт дааманд III орсон. Улсын аваргад 64 буудалт даамаар долоо тоглож, долоо хожиж нэгдүгээр байранд орсон. Одоо  охин маань Азийн аваргад оролцох бэлтгэлээ хийж байна.

 

Гэр бүлийнх нь зүгээс бүх талаасаа дэмжиж байгаа. Тэгэхдээ зарим үед охиноо гэрийн ажилд туслуулна. Хөдөлмөрч байх хэрэгтэй, хүнлэг байх хэрэгтэй, хүнд тусч байх хэрэгтэй гээд л заадаг. Хүүхдүүд амжилт гаргах нь  сайхан ч санхүүгийн асуудал гардаг юм байна. Манай гэр бүлийн хувьд анхны жил болохоор охиноо бүх талаар нь дэмжээд явуулна. Бусад эцэг эхчүүдийг хараад байхад хүүхдээ дэмжээд аймгийн, улсын аваргад явуулж чаддаг.

 

Харин Азийн аварга, Дэлхийн аваргад эхний нэг жил, дараагийн 2-3 жил явуулаад л эдийн засгийн хүндрэл үүсч байгаа нь харагддаг. Эцэг эхийн төлөөллийн хувьд бусад спортуудыг дэмждэг шигээ оюуны спорт болсон шатар даамыг дэмжиж өгөөсэй гэж хүсч байна. Дэмжлэг багадахгүй шүү дээ. Хүүхдүүд маань сайн бэлтгэлтэй байгаа ч жилээс жилд эцэг эхийн санхүүгийн боломж, ар гэрийн амьжиргаа зэрэг нь амжилтад нөлөөлнө гэж боддог юм.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин