МУГЖ Б.Батзаяа: Амьдралд алдахгүй хүн гэж байдаг юм уу
2015-04-01

Өнөөдөр “Инээдмийн баяр”-ын өдөр. Та бидний хэлж заншсанаар инээдмийн баярын өдөр. Иймд хошин урлагийн мастеруудын нэг, “Азтай бадарчин” наадмыг үндэслэгч, Монгол улсын гавъяат жүжигчин Батзанын Батзаяаг тэмдэглэлт өдрийн зочноор урьсан юм.

 

-Юуны түрүүнд танд баярын өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийн сонин хачинаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?

 

-Баярлалаа. Дөрөвдүгээр сарын 1 бол инээдмийн баярын өдөр. Уншигч түмэндээ ч бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Уран бүтээлчид бид энэ өдрийг баяр гэхээсээ илүү, уран бүтээлийн тайлангийн баяр гэж нэрлэж сурсан байна.

 

Миний хувьд “Магнууш” уран бүтээлийн нэгдлийг байгуулж, багагүй хугацааг үдсэн байна. Уран бүтээлийн нэгдэл маань сүүлийн таван жил хөдөө орон нутгийн үзэгчдэдээ тоглолт хийж байна. Удахгүй тайз, дэлгэцийн бүтээл хийхээр бэлтгэлээ базааж байна.

 

-Таныг “Инээдмийн баяр”-аар Дорнодын үзэгчдэдээ тоглолт хийнэ гэсэн сураг байсан. Хэзээ явах гэж байгаа юм бэ?

 

-Харин тийм. Уг нь энэ өдөр Дорнод аймгийн үзэгчидтэйгээ уулзах байлаа. Гэвч зарим  шалтгаануудын улмаас Дорнодод хийх тоглолт маань тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

 

-Өнөөдөр болох “Инээдмийн баярт зориулсан тоглолт”-д оролцох уу?

-Оролцохгүй.

 

-Дөрвөн сарын нэгэнтэй холбоотой сайхан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Урьд нь 4-р сарын 1-нд “Азтай бадарчин” их наадмыг зохион байгуулж, наадмын аваргуудаа шалгаруулдаг байлаа. Энэ наадам бусад арга хэмжээнүүдээс их өөр байсан юм шүү.

Ердийн үзэгчээс эхлээд Ерөнхийлөгч хүртлээ оройн 19 цагаас үүрийн 3-4 цаг хүртэл тэвчээртэй сууж, сэтгэлээ баягаж, нүүрээ үрчийтэл инээж үздэг байлаа. Энэ бүхнийг эргээд дурсахад сайхан санагддаг юм.

 

-Таныг монголын хошин урлагийн “загалмайлсан эцэг” гэж хэвлэлүүд бичдэг. Гэтэл хошин урлагийг театр үүссэн цагаас эхлэн хөгжиж ирсэн гэдэг. Яг хэдийнээс хөгжсөн юм бэ?

 

-1924 онд театр үүссэнээс эхлэх нь зүйтэй байх. Тэр үеийн жүжигчид ч гэсэн лам, хар, шар феодалуудыг хүчтэй шүүмжилж байсан шүү дээ. Энэ цаг үед ардчилалтай зэрэгцээд эрчтэй хөгжсөн гэж хэлж болно.

 

-Монголын хошин урлагийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна вэ?

 

-Монголын хошин урлаг хөгжсөн. “Ардчилал гараад 25 жил боллоо. Энэ хугацаанд амжилт ололт их байлаа” гэдэг шиг 1990-ээд оноос хойш монголын хошин урлагийн салбарт алдаа оноотой зүйл байсан.

Тухайлбал, хошин урлагийн хамтлаг, нэгтгэлүүд бие дааж уран бүтээл хийдэг болсон. Энэ бол хамгийн дэвшилттэй хөгжил. Үүнтэй холбогдуулан ирэх жил монголын хошин урлагийн ойг тэмдэглэх юмсан гэсэн бодол төрөөд байгаа.

Гэвч манай салбарын нөхдүүд ямар бодолтой байгаа мэдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд хошин урлагаас алдар цолтой, авъяас билэгтэй олон жүжигчид төрсөн шүү дээ.

 

-Ардчилал гэснээс Ардчилсан холбооны анхны хурал дээр та "Урлагийнхан бид жад, сэлэм биш" гэж хэлж байсан гэдэг. Тэгэхлээр та өөрийгөө урлагийн ардчиллын төлөө зүтгэж, сэтгэл чилээж явна. Аливаа зүйл улс төржөөд ирэхээрээ утгагүй болдог гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Яг тийм.

 

-Тэгсэн өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар МУНН /Монголын уламжлалын нэгдсэн нам/-аас нэр дэвшсэн шүү дээ?

-Урлагийн хүн улс төрөөр оролдоно, оролдохгүй гэсэн зарчим байдаг эсэхийг би мэдэхгүй. Гол нь нийгэмд жаахан эмзэглэх асуудал байгаа учраас энэнд оролцсон. Юу гэдэг билээ? Улс төрөөр би оролдохгүй ч, улс төр надаар оролдоно гэж үг байдаг. Ер нь монголчууд бидний амьдралыг улс төр өөрөө оролдоод байна шүү дээ. Ийм байхад яаж оролцохгүй байхав. Оролцсон ч зөв хандлагаар ороцсон гэж бодож байгаа /инээв/

 

-Ер нь гавьяат маань  яаж яваад урлагтай холбогдож орхио вэ. Таныг бусадтай адилхан шалгалт өгөх гэж нойр хоолоо хасч, хичээж байгаагүй гэж сонссон. Урлаг хэмээх их өргөөний босгыг алхсан тэр мөчөө эргэн дурсахгүй юу?

 

-Бурхан надад тийм авьяас заяасан, тэр хэмжээгээр намайг татаад байсан шиг байгаа юм. Цэцэрлэгт байхдаа дуулдаг, бүжиглэдэг. Сургуульд орсон хойноо ч тэр авьяас маань улам хөгжсөн байх. Найдан найруулагч бид хоёр Толгойтын 12 дугаар сургуульд урлаг, уран сайханд давхиад л, алиалаад л... Энэ мөчөөс л урлагт улам шимтсэн. Би заримдаа "Хэрэв би өөр нэг юм хийж байсан бол" гэж бодохоор ер төсөөлөгддөггүй.

 

 

-”Хөдөөгийн баясгалан" кинонд Ширнэн өвгөний ач охинд сайн болдог шүү дээ. Хожим нь ч сэтгэлтэй байсан гэж сонссон. Түүнээс хойш Оюунтайгаа захиа, занаа бичилцэж, уулзаж байв уу?

 

-Тэр бол миний урлагт хөл тавьсан анхны дүр. Би их азтай хүн. Жигжид гуай гэж "Ардын элч", "Цогт тайж" гээд cop болсон олон сайхан кино найруулсан тэр түүхэн хүний гар дээр ардын жүжигчин Дамчаа, гавьяат жүжигчин Найдан, Энхтуяа, нэрт найруулагч Нагнаадорж, Ганбаатар гэсэн аварга улсуудаар өлгийдүүлж тэдний дэм тусаар тэр кинонд тоглосон. Энэ дүр маань одоо 40 гаруй жил болж байгаа ч хүмүүс намайг тэр дүрээр минь сайн таньдаг, хайрладаг, хүндэлдэг. Би үүнийг хэзээ ч мартаагүй, мартах ч учиргүй.

 

-Та яагаад асуултаас булзаад байгаа юм бэ. Оюунд үнэхээр сайн байсан гэсэн шүү дээ? /тэрбээр сархайгаад инээснээ/

 

-Оюун чинь бүжигчин хүн байсан. Одоо яг хаана байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө тааралдаж байгаад...сүүлдээ Америкт амьдарч байгаа сурагтай байсан. Одоо ч мэдэх юм алга аа. / инээв/

 

-Таныг Оюунд сайн байсан гэж сонсоогүй ээ. Дөрвөн сарын нэгэн байхгүй юу? /Бид инээлдэв/

-Таны тухай олон янзаар яриад байх юм. Мөрийтэй тоглоомд аз сорих дуртай, үүнээс болж амьдрал нь уруудах болсон, эхнэр хүүхдээсээ салсан гээд. Та чин сэтгэлийн үгээ уншигчдад хүргэхгүй юу. Тийм зүйл ярьж байгаа хүмүүст буруу өгч боломгүй шиг санагдах юм. Яагаад гэхээр тэд нэг талаасаа таныг хайрлаж, халаглаад тийн ярьж байгаа болов уу?

 

-Зөндөө ярьсан. Хагас хугас нь миний алдаа. Амьдралд алдахгүй хүн гэж байдаг юм уу. Мөрийтэй тоглоомын тухайд гэвэл би тоглоомчин хүн биш. Тоглоомын газарт би гурван хүнтэй явж байвал таньдгаар нь намайг ярих нь гарцаагүй. Олны танил байсан нь ийм яриа гарахад нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр сайт сонин сэтгүүлийнхэн бас арай дэндүүлэх юм. Би чинь заримдаа хулгай хийснээ, Хятад улсад амьдарч байснаа, гоймонгийн үйлдвэр байгуулж байснаа сонин, сайт дээрээс мэддэг юм шүү дээ. "Золигоо, хаана хулгай хийлээ дээ, гоймонгийн үйлдвэрээ хаана байгууллаа" гээд эргэлздэг /инээлдэв/

 

-Таныг олон ангит кино хийх гэж байгаа гэж сонссон. Энэ тухайгаа дэлгэрүүлж болох уу?

 

-Зарим зүйлд би өөртөө бахархалтай ханддаг. Кино урлагийг хувийн секторт “хөл тавиулахад” миний хувь нэмэр байсан шүү. Би анх хальсаар “Бэрсүүт жүрж”, “Ертөнцийн эзэнд тохиолдсон явдал” гэсэн хоёр кино хийсэн. Хальсаар кино хийнэ гэдэг чинь их хүнд ажил шүү дээ. Одоо Н.Банзрагч гуайн “Сүүлчийн буун дуу” зохиолоор олон ангит кино хийх төлөвлөгөө байгаа. Гэвч кино хийх санхүүжилт яах юм байгаан, одоохондоо “харанхуй” л байна. Уран бүтээлч хүний хувьд бодсон санасан юм их л байна. Зориглоод бариад авбал, найз нөхөд, залуу уран бүтээлчид маань туслаад өгөх байх. Сайн зохиолтой байж, сайн уран бүтээл болно шүү дээ.

 

-Та ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Уран бүтээлч хүн гэхээр сонгодог зохиол уншдаг гэж боддог. Миний хувьд түүх, сэтгэл судлал, сургамж гээд л янз бүрийн ном уншдаг. Тэр болгондоо авах гээхийн ухаанаар ханддаг.

 

-Инээд гэж таны бодлоор юу вэ?

-Инээд, хошигнол гэдэг бол нарийн мэдрэмж. Инээдээр дамжиж хүнд очсон зүйл сэтгэлд нь бат бөх үлддэг. Инээдээр дамжсан үнэн хүний зүрх сэтгэлд үүрд хадгалагддаг.

 

-“Инээдний цаана эмэгнэл байдаг” гэж үг бий?

 

-Энэ үг хоёр талтай. Аливаа юм хоёр талтай байдаг шиг. Бид нарын уран бүтээлд энэ хоёр чанар шингэсэн байдаг. Тоглолтын зарим үзэгдэл их инээдтэй, хөгжилтэй өрнөж байгаад төгсгөлдөө гунигтай, уйлмаар төгсдөг. Энэ хүний зүрх сэтгэлд ухаарлыг өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ходоодны инээднээс тархины инээд рүү дөхөж байгаа явдал.

 

 

-Хошин урлагийн анхлагч болох Сосорбарам, Туяа, Чаминчулуун та хэд дахин хамтарч уран бүтээл хийх үү. Хоорондоо холбоотой байгаа юу?

-Холбоотой байлгүй яахав. Гэвч залуу байх үе шигээ хэлхэлдээд байдаггүй. Хэн хэн нь өөрсдийн амьдралын зам мөрөө хөөсөн. Хамтарч тоглолт хийх тухайд ярилцаж үзээгүй юм байна.

 

-Таны тоглолтын тасалбар одоо ч их содон санагддаг. Хоёр долларын мөнгөн тэмдэгт дээр таны зураг байсан санагдаж байна. Тухайн үед тус тасалбар сайн муу нэлээд хэл ам дагуулж байсан санагдаж байна?

 

-Хоёр доллараар хийсэн тоглолтын бол тасалбар “домог” болсон /инээв/. Тоглолтын тасалбар гэдэг чинь үнэт цаас шүү дээ. Ахиад ийм хийцтэй, үнэт цаасаар хийсэн тасалбар ховорхон л гарах байх. Тухайн үед монголчууд бид одоогийн холлиуд мөрөөддөгтэй адил долларыг мөрөөддөг байлаа. Тэр үед миний найз Мягмарпүрэв монголчуудын мөрөөдлийг тасалбарт шингээж, үнэт цаасны үйлдвэрт хэвлэж гаргасан. Тоглолтын тасалбар гэдэг чинь үнэт цаас шүү дээ. Энэ тасалбараас болж найз маань АНУ-ын талаас гарсан янз бүрийн асуудалд орж байсан. Гэхдээ гайгүй өнгөрсөн /инээв/.

 

-Танд энэ одоо энэ тасалбарын хувь байдаг уу?

-Байдаг.

 

-Нууц биш бол хэдэн ширхэг хувь байдаг вэ?

-Хоёр, гурван боодол тасалбар бий. Аливаа зүйл он цаг өнгөрөх тусам үнэ цэнэтэй болдог /инээв/.

 

-Хөшигний ард зовлонгоо орхиод тайзнаа гарч бусдыг инээлгэх үе тохиож байв уу?

-Тохиолгүй яахав. Хүний амьдралд зовлон жаргал, сайн муу, инээд хөөр, баяр гуниг олон  тохиолддог. Уран бүтээлч бид ажлаа цалгардуулах эрхгүй.

Хөөрхий аав минь эмнэлэгт хэвтэж байгаад, бурханы оронд заларсан. Тэр өдрийн орой нь би тоглолттой байж таарсан. Өдөр нь аавыгаа алдаад сэтгэл санаа хүнд хэцүү байсан. Гэвч тайзны хөшиг нээгдэхэд өөрийнхөө гуниг зовлонг түр огоорч, үзэгчдээ инээлгэн баясгаж байсан. Хүний сэтгэлийг баясгана гэдэг миний ажил, миний үүрэг.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
1234:
tanid amjilt husie jaahan gyndyyhan l yabaa bololtoi hoshin yrlagiin prodakshnyyd tysalj demjeerei
2015-04-01