Японы мисс шүүмжлэлд өртөв

Япон улсын гоо бүсгүйгээр 20 настай Ариана Миямото шалгарсан билээ. Тэрбээр ирэх есдүгээр сард Австралийн Сидней хотноо зохион байгуулагдах “Ертөнцийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Тэгвэл тус улсын миссийн холбоо гоо бүсгүйг тэмцээн рүү илгээхгүй байж болзошгүй хэмээн “NHK” агентлаг мэдээллээ. Учир нь гоо бүсгүйн ээж Япон, аав нь Африк гаралтай юм. Тиймээс түүний төрх болон арсны өнгө нь бараан, бор талдаа аж. Арианаг ялалт байгуулсны дараа олон нийт миссийн холбоогоо шүүмжилж, “заавал эрлийз бүсгүйг эх орноо төлөөлөн явуулах шаардлага байна уу” хэмээн буруутгажээ.
Жиргээчид гоо бүсгүйн титмийг хураан авч, дэд мисст өгөхийг шаардаж эхэлжээ. Энэхүү үйл явдлын дараа Ариана твиттертээ “Би Япон хүн. Арьсны өнгө өөр байх нь хэнд хамаатай юм бэ. Миний аав Африк. Гэхдээ хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй биз дээ” гэж жиргэжээ.
Ариана Миямото Токиогийн их сургуульд сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг ба Орос, Англи хэлтэй юм. Түүний ээж нь англи хэлний багш бол аав нь 2010 оны эхээр өвчний улмаас нас баржээ. Гоо бүсгүйн ээж олон нийтийг охиных нь эсрэг нэгдэхгүй байхыг уриалж “Хөөрхий охиныг минь өрөвдөөч. Охин минь арьсны өнгөнөөсөө болоод мөрөөдлөөсөө хагацаж болохгүй. Тэр их хөдөлмөрлөсөн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ