Хөгжлийн зураглал ямар байх вэ
2015-04-01

 

Монголын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ “building credibility” уриан дор зохион байгуулагдаж байна. Улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэдэг.

 

Манай улс гол төлөв уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүн экспортолдог. Дэлхийн зах зээлд энэ чиглэлийн үнийн уналт бий болсон. Энэ нь манай эдийн засагт ч нөлөөлжээ. Оргил үедээ 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд ердөө 507 сая болсон дэндүү чамлалтай үзүүлэлттэй гарсан. Гадаадын  шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил үетэйгээ харьцуулбал 9.3 дахин, өмнөх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

 

Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг төсөвтэй уялдуулдаг. Өнгөрсөн гурван жилд төсвийг хөөсрөлтэй баталж ирсэн нь алдаатай бодлого гэж тэд үзэн энэ оны төсвийг бодит хөрсөнд нь  нийцүүлэн тодотголыг зорьсон гэдэг. Үнэндээ ч энэ оны төсөв хэмнэлт, таналтад суурилсан.

 

Хөрөнгө оруулалтыг шинээр хийхийг тэвчиж өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дуусгахаар төсөвлөсөн. Энэ хүрээнд энэ онд 37 цэцэрлэгийн, 21 эмнэлгийн барилга, 15 соёлын төвийн, 7 спорын заалын, 10 дотуур байрны, 13 сургуулийн барилга тус тус  шинээр ашиглалтад орно. Цахилгаан дамжуулах агаарын 35 киловаттын 49.5 км шугам ашиглалт орох юм билээ.

 

Хүндрэлээс гарах арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж, ажилгүйдлийн төвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ 5 тэрбум ам.доллароос доошлох  магадлалтай гэсэн урьдчилсан таамаглал гарсан байна лээ. Төсвийн алдагдал өнөөдөр 1.2 их наяд төгрөгт хүрээд байгаа. Энэ тоо улам нэмэгдэж, ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарчээ. Ер нь ингээд яриад байвал эдийн засагт сайн мэдээ тун ховор. Оюутолгойн ээлжит хөрөнгө оруулалт, Тавантолгойн хэлэлцээрийн асуудал нааштай шийдэгдээсэй гэх эерэг хүлээлт байгаагаас бус бодит байдал дээр эдийн засаг сэргэсэн зүйл үгүй.

 

Гэхдээ Засгийн газарт гаднаас мөнгө босгох эрх, асуудлыг нааштайгаар шийдэх арга зам мэдээж байгаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан хөтөлбөрөө баталж, гадны санхүүгийн байгууллагаас мөнгө босгохоор хэлэлцээр эхэлсэн байна лээ. Энэ хөтөлбөрт төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, ажлын байдлыг хадгалах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдийг эрчимжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх гэх зэргээр хэрэгжүүлэх ажлыг 200 гаруй ажлыг нарийвчлан зааж тусгажээ.

 

Ирэх хаврын чуулганаар татварын эрзүйн орчныг сайжруулах, Татварын ерөнхий хуулийн, ХХАОТ-ын, Байгаль орчин бохирдуулсны төлбөрийн, Ашигт малтмал газрын тосны төлбөрийн, Онцгой гаалийн тарифын зэрэг хуулийн төслийг өргөн барихад бэлэн байгаа гэсэн. Оюутолгой, Тавантолгойн томоохон төслүүдээ цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

Эдийн засаг хүндрэлээс гарахаар Засгийн газар дээрх хөтөлбөр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Эдийн засгийн форумд оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх. Цаашлаад Төрийн ордонд хоёр өдөр чуулах энэ форумаас олон нийт ч тодорхой шийдэлд хүрнэ гэсэн итгэл тавьж байгаа.

 

Тиймээс ч жилд нэг удаа болдог ээлжит чуулганаар төр засаг, төрийн бус байгууллага, эдийн засагчид, бизнесмэнүүд тулгамдсан асуудлуудаа тал бүрээс нь хэлэлцэн улс орны эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайж, хөгжлийн зураглалыг гаргах биз ээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин