Саудын Арабт халдлага үйлджээ
2015-04-02

 

Саудын Арабын хойд хэсэгт байрлах сүүний үйлдвэрт Йемений шийт шашны “Хоути” бүлэглэл халдлага зохион байгуулсны улмаас 35 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүс үйлдвэрийн ажилчид байсан гэнэ. Тус улс “Хоути” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, агаараас цохилт өгч байгаа юм. Арабын удирдлагууд Йемений Ерөнхийлөгч Абду Рабу Мансур Хадиг албан тушаалаа эргүүлэн авах хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжүүлэхээ мэдэгдсэн билээ.  

 

Үйлдвэрт болсон халдлагын дараа Саудын Арабын эзэн хаан Салман Ибн Абдул Азиз аль Сауд орон даяар онц байдал зарлаж, амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлжээ. Хаан “Энэ бол өдөөн хатгалга. “Хоути” бүлэглэл тулалдахыг хүсч байна. Манай улс тус бүлэглэлээс цэргийн тоо, зэр зэвсгийн хүчин чадлаараа хамаагүй илүү. Тиймээс айх хэрэггүй. Дахин  халдлага гаргахгүй байх тал дээр Батлан хамгаалах яам ажиллах болно. Халдлага болсон бүс нутгийг цэргүүд хамгаалалтандаа авсан” гэж хэлжээ.

 

Йемений Ерөнхийлөгч Мансур энэ долоо хоногийн эхээр эх орноо орхин Саудын Арабт ирсэн юм. Ерөнхийлөгчийг явсны дараа Хоуди бүлэглэлийн алан хядах ажиллагаа идэвхижсэн билээ. Тус бүлэглэл нэг долоо хоногийн дотор 250 хүний аминд хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин