Т.Сайнжаргал: 234.9 сая төгрөгийг хууль бусаар хураан авсан
2015-04-02

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандлаа. Учир нь тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулсан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Энэ талаар ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа олон нийттэй харилцах газрын дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.

 

-Нийслэлийн Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн юм бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон байна. Үүнийг өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн нь тогтоогдсон.

 

-НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”  батлан мөрдүүлж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэж, дүгнэлт гаргасан. Товчхондоо хуулиар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ гээд зохицуулсан байхад түгжихээр журам гаргасан нь хууль бус болсон юм.

Уг зөрчил үйлдэгдсэнээр 11746 тээврийн хэрэгслийн дугуйг  түгжиж, 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар хураан авч, иргэдийг хохироосон болох нь тогтоогдсон.

 

-ШӨХТГ-аас тээврийн хэрэгслийг ачихыг зогсоох шаардлага тавьсан уу?

-Үгүй. Тээврийн хэрэгслийг ачихдаа хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироохгүй байхыг шаардаж байгаа.

 

-Дугуй түгжихийг зогсоохыг шаардаж байгаа юу?

-Тийм. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад журамд замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр заасан байгаа. Үүнээс дугуй түгжинэ гэсэн зохицуулалт хуулинд байхгүй.

 

-НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ШӨХТГ шалгах эрхтэй юу?

-Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна гэж заасан.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 14.1, 15.1.4-д ШӨХТГ нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн бөгөөд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана гэж заасан. Тийм учраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Өрсөлдөөний тухай хууль  тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж, иргэдэд учруулсан хохирлыг буцаан олгуулах шийдвэр гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин