З.Энхболд хэнд тойрог амлав

Ардчилсан намын УЗХ-ны гишүүд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд АН-ынхны өөр хоорондоо жийлцсэн, сандал ширээний төлөөх тэмцэл нь намын үнэт зүйл, жирийн гишүүдийн итгэл үнэмшлийг уландаа гишгэж байна. Энэ нь АН-д итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа учраас намын дарга З.Энхболддоо шаардлага хүргүүлж буйгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгав. АН-ын ҮЗХ-ны гишүүд шаардлагадаа үүсээд буй нөхцөл байдлыг залруулахгүй бол АН зарчмаасаа хазайдаг, гишүүдийн дэмжлэгийг хүлээдэггүй, үүрэг гүйцэтгэгч даргатай сонгуульд орвол сөрөг үр дүн дагуулна гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн З.Энхболд ҮЗХ-ны гишүүдийг дуудаж “Чи УИХ-д нэр дэвшихгүй, тэрийг дэвшүүлнэ. Би энэ тойргийг тэрэнд амалсан” хэмээн захиргааддаг гэдгийг ч дурджээ. Тиймээс З.Энхболдыг АН-ын эзэн биш, даргын үүрэг гүйцэтгэгч гэдгийг сануулсан байна.
Энэ бүхнээс үүдэн АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, ДшНХ-ны гишүүн М.Мөнхжаргал, О.Цэлмэг, ХсХ-ны гишүүн Э.Бямбацэрэн нар дараах шаардлагыг З.Энхболдод хүргүүлжээ.
ҮЗХ-ны ээлжит хурлыг IV сард багтаан хуралдуулах
АН-ын их хурлыг V сард багтаан хуралдуулах
УИХ-д нэр дэвшигчийг тодруулах бүдүүлэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, энэ бусармаг үйлдлээ намын гишүүдэд тайлбарлахыг шаардсан байна.
Уг шаардлагуудын хариуг энэ сарын 7-ны дотор ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг мөн шаарджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ