Хотын дарга өвөрмонголчуудаас уучлалт гуйлаа

Өнгөрсөн амралтын өдөр Бурхан Халдун ууланд гарсан Өвөрмонгол иргэнийг “Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус болон дэмжигчид өмнөө сөхрүүлж, бичлэг хийн цахим сүлжээгээр цацсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.
Тэгвэл “Босоо хөх монгол” хөдөлгөөний энэ үйлдлийн өмнөөс хотын дарга Э.Бат-Үүл өвөрмонголчуудаас уучлал гуйлаа. Тэрбээр өнөөдөр Монгол дахь өвөрмонголчуудын холбооны удирдлагыг хүлээн авч уулзан, уучлал хүссэн юм. Хотын дарга “Өнгөрсөн өдрүүдэд фэйсбүүк, цахим сайтуудаар Бурхан Халдун ууланд жуулчилж явсан урд хөршийн Өвөрмонгол иргэдийг хэсэг монгол иргэд албадаж нэлээд зохисгүй үйлдэл гарган хууль зөрчиж, бүдүүлэг авирласан байна. Би үүнд та бүхнээс хүлцэл өчин уучлал гуйхаар өнөөдөр уулзаж байгаа юм. Энэ үйлдэл бол үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон. Манай Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх эрх чөлөө” гэсэн заалт бий.
Гэтэл зарим нэг ухар мөчид бодолтой иргэдээс болж зохисгүй үйл явдал болсон байна. Тэр иргэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зохисгүй үйл ажиллагаа байсан гэдгийг би зориуд хэлье. Зарим нэг ийм нүүрээ нуусан эх орончид хууль бус үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Та бүхэн анзаарсан байх тэд өөрсдийгөө эх орончид гэдэг ч бичлэг, гэрэл зурагт нүүрээ нуун гарахгүй байгаа. Манай нийслэлчүүд ийм найрсаг бус харилцаа гаргадаггүй. Бид ийм найрсаг бус харилцаа гаргадаг иргэдийн өмнөөс ичиж байна. Би та бүгдээс уучлал хүсч байна. Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн энэ хүмүүст хуулийн хариуцлага ноогдуулна.
Тиймээс бид цаашид ийм үйлдэл гаргуулахгүйн тулд өөрсдийн бололцоо хүч чадлаа дайчлан ажиллах болно. Манай нийслэл Улаанбаатар хот бол “найрсаг” хот. Таван тивийн бүхий л иргэдийн ирж аялаарай хэмээн уриалах найрсаг хот байна. Найрсаг зан чанар бол монголчуудын брэнд. Бид энэ брэндээ алдахыг хүсэхгүй байна” гэсэн юм.
Өвөрмонгол иргэдтэй зүй бус харьцсан, доромжилсон гэх энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ