Улаанбаатар
Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийв
2015-4-2

Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тус яам 2015 оны хоёрдугаар сард 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх зорилт тавьж, зургаан чиглэлийг гол болгожээ.

 

Үүнд:

 

1.Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж,  үйлчилгээг сайжруулах

2. Эрүүл мэндийн байгууллагын  засаглалыг боловсронгуй болгох 

3.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, иргэдэд ойртуулах

4.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

5.Төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох

6. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох гэжээ.

 

Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна. Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ  хийгдэхээс гадна  гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна.

 

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал. Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалан засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, төвлөрлийг сааруулж,  иргэдэд ойртуулах асуудал салбарын шийдэх асуудал чухал байна. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дүрслэл оношилгооны, лабораторийн,  гемодиализийн,  мэс заслын эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж  байна. Цаашлаад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяанд урт хугацааны сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж бий болгож, улмаар архаг өвчтэй, хавдрын хожуу шатанд буй өвчтөнд асаргаа, сувилгаа, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлнэ.

 

Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн хагалгааны өрөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засч, тоног төхөөрөмжөөр хангана. Улмаар мэс заслын  үеийн болон дараах хүндрэл багасч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэж, өртөг буурах юм.

 

Салбарын бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний нөөц, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Иймд төгсөлтийн дараах сургалтыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд  төвлөрүүлэхээр ажиллаж байна хэмээн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдээлсэн юм.

 

П.Наран 

Shuud.mn
Сонин хачин