Бүхээгний хаалга гацсан байж болзошгүй
2015-04-03

 

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A320” онгоц нислэгт гарахаас өмнөх өдөр нисгэгчийн бүхээгний хаалга хэд хэдэн удаа гацжээ. Тиймээс осол гарах үед ахмад бүхээгийг орхин гарсны дараа хаалга гацаж, автоматаар түгжигдсэн байж болзошгүй гэж Германы шинжээчид мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. “Airbus A320”-ийн эзэмшигч “Germanwings” компани шинжээчдийн дээрх мэдээллийг баталж байгаа ч онгоц нислэгт гарах үед бүхээгний хаалга хэвийн ажиллаж байсан гэж мэдээлсэн байна.

 

Германы “BILD” сонины цахим хуудас дээр нисэгчдийн харилцан яриа бичигдсэн хар хайрцагны бичлэг тавигдсан юм. Бичлэгч ослын буруутан гэгдээд буй хоёрдугаар нисгэгч Андрес Любиц, ахмад бүхээгнээс гарч явсны дараа хаалгаа цоожилж байгаа нь тодорхой бичигдсэн билээ. Ахмад буцаж бүхээг рүү орох гэтэл хаалга цоожтой байгаа нь мөн бичигдсэн юм. Тэрээр бүхээг рүү орохын тулд Андресээс гуйж, уурлаж болон хаалгыг хүчтэй зүйлээр цохисон ч орж чадаагүй аж. Андрес энэ үед ямар нэгэн сэтгэл хөдлөл үзүүлээгүй бөгөөд тайван гэгч нь амьсгалж буй нь бичлэгт буусан билээ.

 

Ослын газар ажиллаж буй Францын шинжээчид, Германы шинжээчдийн мэдээллийг үгүйсгэн байна. “Хэрвээ осол гарах үед бүхээгний хаалга гацсан бол хоёрдугаар нисгэгч Андрес Любиц ахмадтайгаа ярилцаж, төв станцтайгаа холбогдох байсан. Харамсалтай нь бид хар хайрцагны бичлэгээс Андресийн ганц ч үгийг сонсоогүй. Тиймээс Андрес ослын гол буруутан” гэжээ.

 

Аврагчид ослоор амиа алдсан 150 хүний цогцсыг Парис руу хүргэсэн байна. Тэдний ДНК-г тодорхойлсны дараа гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөх билээ. Онгоц осолдох үедээ дэлбэрсэн учир зорчигчид болон багийнхныг шууд таних боломжгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин