Голын сав газар буусан айлуудыг нүүлгэнэ
2015-04-03

Нийслэлийн БЗД-ийн 21 дүгээр хороонд  20 орчим айл өрх, гэр доторх эд хогшилтойгоо усанд автсан бие засах газар нь нэлэнхүйдээ усанд хальсан байдалтай байна. Эдгээр айл өрхүүд нь Сэлбэ гол, Дамбын рашаан хоёрын уулзвар голын сав газарт бууснаас ийнхүү усанд автаад байгаа аж.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “Газар чөлөөлөх тухай” албан бичгийг БЗД-ийн Засаг даргад хүргүүлсэн. Албан бичигт голын татам болон гольдрилыг өөрчилж, шороо асган хиймэл далан үүсгэж тухайн газрыг ашигласан байна. Тухайн газар нутагт суурьшиж байгаа айл өрхүүд нь голын татам, эрэг, булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд газар өмчилж  байна.

 

Энэ нь Монгол Улсын Усны тухай хууль, Эрүүл мэндийн сайдын  2009 оны тушаалын “Онцгой хамгаалалтын бүсэд зуслан суурьшлийн бүс байгуулахыг хориглоно” Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэрт усан сан бүхий газрын эргээс 1000 м хүртэлх зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно, Хог хаягдал бохирдуулах бодис хаях хог хаягдлын цэг  байршуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах”-ыг хориглоно гэх мэт олон заалтыг зөрчсөн гэжээ.

 

Мөн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж газар олголт хийсэн, зохих зөвшөөрөлгүй айл өрхүүдэд өмчлүүлсэн нь  гадаргын болон газар доорхи  хөрсний усыг бохирдуулсан тул сууршлын зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Энэ дүгнэлтийн дагуу бол тухайн айл өрхүүдийг нүүлгэх бөгөөд өөр газар шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин