Уул уурхайн инженерүүдтэй хамтарна

Төрийн өмчит уул уурхайн компанийн үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн судлаачид, мэргэшсэн зөвлөх инженер, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр "Эрдэнэс Монгол" ХХК болон Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо хамтран ажиллахаар боллоо.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд өнөөдөр дээрх хамтын ажиллагааг баталгаажуулах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэн, “Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо” ТББ-ийн тэргүүн Д.Цогтбаатар нар санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичигт УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд талуудын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох юм байна. Талууд тодорхой чиглэлүүдээр тус тусын төлөөллөөс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах ба дараах хүрээнд зохих үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Тухайлбал,
Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбогдсон ойлголтыг нийгэмд зөвөөр тайлбарлан таниулах, ойрын болон дунд хугацааны хөтөлбөр, боловсруулан санхүүжилт, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах,
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний тээвэр, ложистик дэд бүтцийг сайжруулах, судалгаанд суурилсан санал боловсруулах, бүтээгдэхүүний эспортыг дэмжих чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулах,
"Эрдэнэс Монгол" ХХК-аас хэрэгжүүлэх уул уурхайн салбарын шинэ төсөл хөтөлбөрт мэргэжлийн холбоод захиалгаар тусгайлан баг гаргаж хамтран ажиллах, тухайн ажлыг амжилттай хэрэгжүүлэх бүх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах зэргийг тусгасан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ