Ченж нар УИХ-ын нэрийг барьж цуурхал тараасан

УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас гадна төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудлаар УИХ-ын байр суурийг илэрхийлсэн байна. УИХ-ын даргын хэлснээр бол, “Хэд хэдэн яамны сайд нар улс төрийн албан хаагч атлаа төрийн үйлчилгээний албаны олон тооны ажилтныг халж сольсон хариуцлагагүй үйлдлүүд гарч байна. Ганцхан жишээ дурдахад, Хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 хүнийг ажлаас халсан байна. Төрийн албан хаагчийг ийнхүү халж, солих нь улс төрийн албан хаагчдад хуулиар хориотой. Засгийн газрын гишүүд, сайд нар энэ хууль зөрчсөн үйлдлээ даруй засч, залруулахгүй бол УИХ хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.
Түүнчлэн ноолуурыг татвартай болгох эсэх талаар “Ноолуурт татвар ноогдуулна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй асуудал нь худал цуурхал, УИХ ийм хуулийг батлахгүй. Өргөн барихгүй. Зарим ченжүүд УИХ-ын нэрийг барьж худлаа цуурхал гаргасан байна. Ченжүүд ноолуур татвартай болох учраас 70.000 төгрөгөөр авах ноолуурыг арай хямдаар авъя гэдэг. Дахин хэлье, УИХ ноолуур дээр татвар тавихгүй. Энэ асуудал зах зээлийнхээ жамаар явна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ