Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөлдлөө
2015-04-05

Баянхонгор аймагт “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон байнгын хорооны ажлын албаныхан оролцсон байна.

 

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай  аймгийн Замын цагдаагийн тасгийн төлөөлөгчид болон дээрх аймгуудын тээврийн хэрэгслийн жолооч нар нийт 400 гаруй хүн оролцож асуулт асууж, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан аж.

 

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байгааг 2013, 2014 онуудад гарсан зам тээврийн ослын тоо баримт тодорхой харуулж байна. 2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. 

 

Хамгийн харамсалтай нь 2013 онд гарсан зам тээврийн ослоос 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн тоо баримт байна. 2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байна. Тиймээс бүс нутгийн энэхүү зөвлөгөөн нь цаг үеээ олсон амжилттай арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй шууд холбогдно. Энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо ажиллаж байгаа. “Чимээгүй дайн” гэж нэрлэгдэх болсон авто ослоос болж жилдээ дунджаар 400-500 хүн нас барна гэдэг нь харамсалтай юм” гэжээ.

 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн буурахгүй байна. Баянхонгор аймгийн хувьд улсын чанартай хатуу хучилттай авто замд холбогдсон, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг өсгөх хандлагатай байгааг хэлсэн юм.

 

Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн хугацаанд батлагдсан хууль болон 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин