”Үндэсний сургагч багш бэлтгэх” сургалт боллоо
2015-04-06

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

 

Өнгөрөгч бямба гаригт “Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд өнгөрөгч бямба гаригт хаалтаа хийсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцсон байна. Тус хөтөлбөр жилээс жилд хүрээгээ хэлж, өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд энэ удаа  Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн БГД, СБД, БЗД-ийн нийт 250 гаруй төлөөлөл хамрагджээ.

 

Энэхүү хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар , Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаагийн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг аж.

 

Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Ингэснээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заажээ.

 

Энэ жил “Эх орон -36” хөтөлбөрт 8000,  явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн  2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна.  Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10.995 хүүхэд хамрагдсан байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин