“Чимээгүй өдөр”-ийг хүсэв
2015-04-06

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади эх орноо орхин гарсны дараа тус улсын хэт даврагч “Хоути” бүлэглэлийн алан хядах ажиллагаа идэвхижсэн билээ. Хади эрх мэдлээ эргүүлэн авахын тулд Саудын Араб улсаас тусламж хүссэн юм. Тус улс хүсэлтийг нь хүлээн авч, өнгөрсөн сарын 28-наас эхлэн Йеменд агаараас цохилт өгч эхэлсэн аж.  Хэт даврагчид Сана хотноо дараалласан халдлага үйлдэж, Саудын Арабын цохилтыг буруутгаж, галаа зогсоохгүй бол олон хүний аминд хүрэхээ сануулсан билээ. Алан хядах ажиллагааны үеэр нийтдээ 540 хүн амиа алдсан тухай “Улаан загалмай” нийгэмлэгээс мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Олон хүн амиа алдаж, Йеменд иргэний дайн үүсэж болзошгүй учир тус нийгэмлэг ганцхан өдөр гал зогсоож, чимээгүй өдрийг зохион байгуулахыг Засгийн газар болон хэт даврагчдаас хүссэн байна. Тус нийгэмлэгийн төв сайтад “Йеменд гал зогссон өдөр сөргөлдөөний бүсэд амьдарч буй бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнуудыг аюулгүй газарт байрлуулж, шаардлагатай хүмүүст хүнсний тусламж үзүүлэх болно. Энх тайвны төлөө бидний саналыг хүлээн авна уу” гэж бичжээ. Йемен, Саудын Араб дээрх уриалгыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн ч “Хэт даврагчид зэвсгээсээ татгалзахгүй бол бид ч бас зэвсгээсээ татгалзахгүй” гэж мэдэгджээ.

 

“Улаан загалмай” нийгэмлэг “Бид 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг чимээгүй өдөр болгоно зарлах хүсэлтэй байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл “Хоути” бүлэглэлээс ямар нэгэн хариу ирээгүй байна” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин