“Зөв амьдрал”-ын ирээдүй гэрэлтэй байна
2015-04-06

Хүн хүндээ тусална гэдэг хамгийн сайхан ажил. Тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн гараа сунгаж, ажил хөдөлмөр эрхэлж, дулаан гэртэй, хамт олонтой, сэтгэл өөдрөг амьдрах боломжоор хангана гэдэг юутай ч зүйрлэшгүй тус. Ийм л эрхэм ажлыг сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хийж байгаа хүмүүс бол “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний хань  Г.Амарсайхан нар юм. Тэд гэр оронгүй, орц хонгилоор тэнүүчлэн амьдардаг, хорих газраас суллагдсан ч очих газаргүй, ах дүү хамаатан садангүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэргэдээ авч, зөв амьдарч, ажиллахад нь тусалдаг ажээ.

 

Г.Загдаа гуайн сайн үйлийн талаар өмнө нь сонсож байсан ч нүүр тулан уулзах боломж гарахгүй байсан юм. Харин өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн V хороо, 1000 оюутны байрны хойно, Монелын эцсийн буудал орчимд байрлах тус төрийн бус байгууллагатай танилцах боломж тохиов. Хашаан дотроо гурван давхар бүрэн цутгамал нэг том, хоёр жижиг байшин, 24 гэртэй, 0-76 насны 120 гаруй хүн энд амьдардаг юм байна.

 

Биднийг очиход өглөөний хурал дөнгөж дуусаад өнөр бүлийн гишүүд өөр өөрсдийн оноогдсон ажлаа хийхээр тарцгаасан байв. Нийт 38 хүүхэд байдгаас 25 нь цэцэрлэгийн насных. Тэднийг хашаан дахь гэр цэцэрлэгт хамруулдаг ч зай талбай тохь тухыг харгалзан нэг жижиг байшингаа хүүхдүүддээ зориулахаар засч янзалж эхэлсэн ажээ. Харин бусад том хүүхдүүд нь хамгийн ойр болох 69 дүгээр сургуульд албан бус сургалтад хамрагддаг юм байна.

 

Г.Загдаа гуай Хууль зүйн яамтай хамтарч “Ял эдлээд гарч ирж байгаа зарим иргэдийг дахин нийгэмшүүлэх” гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлж, энэ дагуу 24 хүн энд ирсэн гэнэ. Тэднээс зарим нь нийгэмшиж, сум орон нутаг руугаа буцсан бол өөрсдийн хүслээр явсан нэг нь дахин хэрэг үйлдээд буцаад хорих ангидаа орох тохиолдол цөөнгүй гарсан байна. Учир нь “Зөв амьдрал”-ын дүрмийг дагахаас татгалзсанаас үүдэлтэй гэх. Уг нь Г.Загдаа гуайн дүрэм их энгийн. Хашаан дотор бүх хүн бие биедээ хүндэтгэлтэй хандана. Ямар нэгэн буруу үг хэллэгээр хэн нэгнийгээ хэлж, ярилцахгүй. Гэрт тамхи татахгүй, тогтоосон цэгт татна. Архи огт уухгүй. Ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх зэрэг дүрмүүдтэй юм билээ.

 

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд гэр оронгүй, орц хонгилоор тэнүүчлэн амьдардаг, хорих газраас суллагдсан ч очих газаргүй, ах дүү хамаатан садангүй, хөгжлийн бэрхшээлтэй нийт 500 гаруй хүн энэ байгууллагад ирсэн байна.  Нэмж ирэх хүсэлтэй хүмүүсийг авчрая гэхээр боломж бололцоо байхгүй. Яах аргагүй туслая гэж бодвол нэг гэрт л авах боломжтой. Гэхдээ хэнд туслах нь миний зүрх сэтгэлийн асуудал шүү дээ. Үнэхээр тусламаар, өөрөө ч тусламж авахыг хүсч байвал туслахад бэлэн гэдгээ Г.Загдаа гуай ний нуугүй хэлж байсан юм.

 

Нийслэлээс 50 хүнийг 10 гэрийн хамт “Зөв амьдрал” ТББ-ийн мэдэлд шилжүүлсэн гэнэ. Хэдийгээр өөрөө тэднийг авч ирээгүй ч тусламж хэрэгтэй үед нь цаашаа гэлгүй ийнхүү өнөр бүлийг толгойлох ажилдаа түүртэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэднийг энд байрлуулахдаа хоолны мөнгө хэмээн хэдэн төгрөг өгдөг байсан ч одоо тэр нь зогсоод, нэг ёсондоо төрөөс нэг жижиг хувийн байгууллага дээр ачаа нэмж орхисон аж.

 

Гэхдээ тэрбээр нэг их шантралгүй энэ хүмүүсийн төлөө л гэсэн зорилготой болохоор мөнгөтэй ч, мөнгөгүй ч хийж болдог ажил гэж байдаг юм. Өмнө нь 50-60 хүнтэй болоод байсан юм, дахиад 50 хүн нэмэгдлээ гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Харин ч илүү их хөдөлмөрлөнө гэсэн үг. Би төрөөс мөнгө хармааргүй байна. Ажил л өгчихдөг байгаасай. Зам талбайгаа цэвэрлэх, тохижуулах зэрэг ажлаа бидэнд өгчихдөг бол төрөөс ямар ч мөнгө хүсэхгүйгээр энэ ажлаа үргэлжүүлэхэд асуудал үүсэхгүй гэдгээ биднээр дамжуулсан юм.

 

Тэрбээр манайх асрамжийн газар биш, халамжийн байгууллага биш, шорон биш. Харин хүн өөрөө хүсээд хөдөлмөр эрхлээд бидний заасан замаар нийгэмшээд урагшлаж болно. Энэ бол бодит амьдралд суурилсан амьдрах ухаан сургалтын төв гэж нэрлэх дуртай аж. Хамгийн олон жил амьдарсан хүн нь 6-7 жил болсон. Одоо нийгмийн ажилтан хийгээд энэ байгууллагадаа ажиллаж, хүмүүсийнхээ бичиг баримт, нийгмийн даатгал зэрэг асуудлуудыг нь хариуцдаг байна. Нийгмийн ажилтан гэдэг хүнтэй харьцдаг ажил. Тэр ч утгаараа амьдрал мэддэг, зовлон үзсэн хүнээр нийгмийн ажилтан хийлгэх нь хамгийн зөв хувилбар юм байна. Энэ хавар гэрүүдээ Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэнэ. 0.7 га газартай бие дааж амьдруулна. Харин энд мужааны цех, блокны үйлдвэрээ байгуулаад, тэнд салбараа байгуулъя гэж бодож байна. Тэнд анхны деталь үйлдвэрлэж, энд угсардаг болох төлөвлөгөөтэй байна хэмээн ярьж байлаа.

 

Тэдний амьдралтай, бүтээлтэй танилцаж явахад хашааны буланд хэвтэх тийм үстэй хар нохойн дээр анхаарал татлаа. Жули хэмээн дууддаг тэр  хөгшин нохойг гөлөг байхаас нь тэжээсэн гэнэ. Хамгийн анх 2006 онд “Зөв амьдрал” ТББ-ийн үйл ажиллагаа траншейд амьдардаг хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгооор нэг гэртэйгээр эхлүүлэхэд энэ нохой тэр хүмүүстэй хамт ирсэн аж. Тэд жаахан гөлөгт өөрсдийн өгдөг архинаас хүчээр өгдөг байснаас архины хамааралтай болчихоод нэг хэсэгтээ хэцүүхэн ааш гаргадаг байжээ. Яваандаа Жулигийн ааш авир засарч, одоо бол архи уудаг хүнийг үздэггүй, урж тасдахаас наагуур уурладаг болсон гэнэ.

 

Хүнийг нийгэмшүүлж, нохойг хүмүүжүүлсэн ийм нэгэн эрхэм хүн та бидний дунд амьдарч байна. Залуу насандаа алдаа гаргаад аавын хаалга татаж үзсэн тэрээр хүний амьдралын хүнд хэцүү бүгдийг өөрийн биеэр туулж, зовлонд хатуужсан нэгэн ажээ. Тиймдээ ч сайхан сэтгэлээр олон хүнд туслаж, хүний ёсоор амьдрах боломжийг олгож байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Г . ЗАГДАА:
МАНАЙ ЗӨВ АМЬДРАХ УХААН ТББ- Н ТАЛААР БОДИТ МЭДЭЭЛЭЛ БИЧСЭН П. НАРАНДЭЛГЭР ДҮҮДЭЭ БАЯРЛАЖ ТАЛАРАХСАНАА ТББ -Д АМЬДАРЧ БАЙГАА НИЙТ ИРЭГДИЙНХЭЭ ӨМНӨӨС ИЛЭРХИЙЛЬЕ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
2015-04-08
Зочин:
uneheer bodsadvaa bn
2015-04-07
Цэвэлмаа:
Ангийн залуудаа баяр хүргэе.100 гаруй хүний хооллож,нэг дор амьдруулж,янз янзын зан харьцаатай хүмүүсийг хүмүүжүүлж,дээрээс нь ажил өгч,тэдгээр хүмүүсийн амьдралын баталгааг төрөөс гуйхгүйгээр авч явна гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш.Ийм ажил хэрэгч хүмүүстээ төр мөнгөөр тусладгүй юмаа гэхэд бусад хүмүүсийн голоод байдаг барилгын,замын ажлуудаасаа өгөх хэрэгтэй.НЗДТГазрын эрх мэдэлтэнгүүд туслах хэрэгтэй шүү дээ,амжилт хүсье
2015-04-06
Цэвэлмаа:
Ангийн залуудаа баяр хүргэе.100 гаруй хүний хооллож,нэг дор амьдруулж,янз янзын зан харьцаатай хүмүүсийг хүмүүжүүлж,дээрээс нь ажил өгч,тэдгээр хүмүүсийн амьдралын баталгааг төрөөс гуйхгүйгээр авч явна гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш.Ийм ажил хэрэгч хүмүүстээ төр мөнгөөр тусладгүй юмаа гэхэд бусад хүмүүсийн голоод байдаг барилгын,замын ажлуудаасаа өгөх хэрэгтэй.НЗДТГазрын эрх мэдэлтэнгүүд туслах хэрэгтэй шүү дээ,амжилт хүсье
2015-04-06