Йеменд иргэний дайн дэгдэх үү
2015-04-07

 

Олон улсын анхаарлын төвд ороод буй Йемений дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас хэдхэн долоо хоногийн дотор нийтдээ 500 гаруй хүн амиа алдлаа гэж НҮБ-ын Хүний эрхийн холбооноос мэдээллээ. Эх сурвалж “www.aljazeera.com” сайт.

 

 

Хэт даврагч “Хоути” бүлэглэл

 

Шийт шашны “Хоути” бүлэглэл өнгөрсөн оны сүүлээр хүчирхэгжиж эхэлсэн бөгөөд Засгийн эрхийг авахын тулд жагсаал болон алан хядах ажиллагаагаар улс орондоо эрхээ тогтоохыг санаархсан билээ. “Хоути” бүлэглэлийн тэргүүн Мухаммед аль Бухайти өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадид хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьж, нээлттэй сонгууль явуулахыг хүссэн юм. Энэхүү саналыг Ерөнхийлөгч Хади хүлээн авахаас эрс татгалзсан билээ. Хадигийн саналын дараа тус бүлэглэл нийслэл Сана хотноо эрхээ тогтоохыг санаархаж, Ерөнхий сайдын гэрийг бүсэлж, улмаар Ерөнхийлөгчийн ордонг эзэлсэн юм. Хэдийгээр армийнхан Ерөнхийлөгчийн ордныг чөлөөлөхийн тулд хэт даврагчидтай тулалдсан ч харамсалтай нь ухралт хийж, хотын төвийг “Хоути” бүлэглэлд алдсан билээ.

 

Сана хотын нөхцөл байдал хурцдаж, томоохон байгууламжийг алдсаны дараа, хэт даврагчид Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, жагссан юм. Энэхүү жагсаалд 25 мянган хүн оролцож 10 хоногийн турш жагссан билээ. Нийтдээ 21 хүн амиа алдсанаар жагсаал дууссан аж. Энэхүү үйл явдлын дараа Ерөнхийлөгч Хади Үндэсний телевизээрээ дамжуулан ард түмэнтэйгээ мэндчилж, өөрийгөө огцрохгүй гэдгээ илэрхийлж, аюулгүй байдлын үүднээс Сана хотыг орхин гарч буйгаа мэдэгджээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Хуссейн аль Асси энэ сарын 1-ний өдрийг хүртэл Ерөнхийлөгчөө эх орондоо байгаа хэмээн мэдэгдэж, олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буй “эх орноосоо дүрвэсэн” гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

 

Үнэн хэрэгтэй Хади Саудын Араб улсад өнгөрсөн сарын 19-нд очсон нь тогтоогджээ. Энэхүү мэдээлэл өнгөрсөн долоо хоногт баталгаажиж, Ерөнхийлөгч Засгийн эрхээ эргүүлэн авахын тулд тус улсаас тусламж хүсч буйгаа мэдэгдэв. Хади улсаа орхин гарсан нь батлагдсаны дараа “Хоути” бүлэглэл Сана хотноо 11 удаа халдлага зохион байгуулж, 144 хүний аминд хүрч, Ерөнхийлөгчийн ордонг пуужингаар харвасан байна.

 

Энэ сарын 2-нд тус бүлэглэлийн дайчид Саудын Арабын хойд хэсэгт байрлах сүүний үйлдвэрт халдлага зохион байгуулж, 35 хүний аминд хүрчээ. Тус бүлэглэл 14 мянган дайчинтай ба сардаа 2.5 сая ам.доллар олдог байна.

 

 

Тусламж хүсэв

 

Саудын Араб улсад хүрэлцэн ирсэнийхээ дараа Хади тус улсын эзэн хаан Салман ибн Абдул Азиз аль Саудтай уулзах үеэрээ Засгийн эрхийг эргүүлэн авахад туслалцаа хүссэн юм. Хаан энэхүү саналыг нь хүлээн авч, хөрш орондоо тусалж, “Хэт даврагчдыг устгахгүй бол олон хүн амиа алдаж, улмаар хөрш орноо заналхийлэх болно” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараа 200 гаруй сөнөөгч онгоцоо Йемен рүү илгээсэн билээ. Агаараас гадна хуурай болон усан замаар “Хоути” бүлэглэлд цохилт өгөх боломжтой гэдгээ илэрхийлэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Сауд аль Файсал “Хади эрх мэдлээ эргүүлэн авах хүртэл агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлэх болно” гэсэн билээ. Саудын Араб нь Йемен улстай 1800 км газраар хиллэдэг юм.

 

 

Йеменийг яагаад онцлох болов

 

Саудын Араб улсаас гадна тус бүлэглэлийн эсрэг Бахрейн, Кувейт, Катар, Араб, Турк, Судан, Марокко, Йордан, Пакистан улс нэгдэв. Тэд Ерөнхийлөгч Хадиг эрх мэдлээ эргүүлэн авахад туслалцаа үзүүлж байна. Гэхдээ Йемений хямрал өчигдөр, өнөөдөр эхлээгүй. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхтэй гэдгийг олон улс сайн мэднэ. Яагаад хөрш орнууд гэнэт Йеменд анхаарлаа хандуулах болов?

 

“Хоути” бүлэглэл өнгөрсөн онд газрын тос болон шатдаг хийн орд газруудын бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг далайн тээврийн замыг хяналтаа оруулсан. “Хоути” бүлэглэлийг устгасан тохиолдолд эдгээр улс ямар ч саадгүйгээр асар их баялгийг хүртэх боломжтой болж байна. Хэрвээ тус бүлэглэл эдгээр бүс нутгуудад эрхээ тогтоосон хэвээр байвал олборлолт багасч, газрын тосны үнэ өсч, Араб даяар хомсдол үүсэх болно.

 

АНУ болон Европын холбоо аргагүй эрхэнд Оросоос газрын тос экспортоор авбал Европ бүхэлдээ хямралд өртөж, тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригууд зөвхөн цаасан дээр буусан мөрт болон үлдэх эрсдэлтэй.

 

Хамгийн том айдас нь АНУ-ын дэлхийд эзлэх нөлөө буурч, буцаад ОХУ хүчирхэгжиж эхлэх юм. Тиймээс эдийн засгийн гол эх үүсвэр газрын тос болон шатдаг хийн орд газруудаас бүтэгдэхүүн тээвэрлэдэг далайн тээврийн замыг чөлөөлөх нь тэдгээр улсын гол зорилго аж.

 

 

НҮБ: Энгийн иргэд хохирч байна

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Йемений зөрчил мөргөлдөөн хяналтаас гарч, олон хүн хохирч байна” гэж мэдэгджээ. Тэрбээр Саудын Арабыг агаараас өгч буй цохилтоо зогсоохгүй бол тус улсад иргэний дайн үүсэх эрсдэлтэй байгааг сануулсан байна.

 

Саудын Арабаас долоо хоногийн турш Йеменд 1750 удаа агаараас цохилт өгчээ. Цохилтын гол бүс нь Сана хот юм. Тус хотын иргэд хэт даврагчид болон агаарын дайралтаас болж хотоосоо дүрвэж буй. Сана хот 17 сая оршин суугчтай. Одоогоор хотын нийт иргэдийн 25 хувь нь дүрвэжээ.

 

“Хоути” бүлэглэл дээрх дайралтыг буруутгаж, барьцаанд байгаа 100 гаруй хүний аминд хүрч, цогцсыг нь нийслэл хотын төвд тавьсан билээ. Энэхүү хотыг 2500 жилийн өмнө Сабеичууд байгуулж байжээ.

 

 

Харилцан гал зогсоохыг хүсчээ

 

“Улаан загалмай” нийгэмлэг хоёр улсын удирдлага болон “Хоути” бүлэглэлд хандаж харилцан зэвсгээсээ татгалзах уриалга гаргажээ. Өнөөдрийг /2015.4.7/ “Чимээгүй өдөр” болгон зарлахыг хүсч, сөргөлдөөний бүсээс хүмүүсийг гаргах хүсэлтэй байна.

 

Йемений Батлан хамгаалахын сайд уриалгыг дэмжиж буй ч “Хоути” бүлэглэл хариу мэдэгдээгүй аж. Тус нийгэмлэг сөргөлдөөний бүсэд нийтдээ бага насны 1.4 сая хүүхэд байгаа гэж мэдэгджээ.

 

 

АНУ туслалцаа үзүүлэх сонирхолгүй байна

 

Йеменд болж буй үйл явдалд АНУ хөндлөнгөөс оролцоогүй гэдгийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баталж байна. АНУ, Йемений Батлан хамгаалах яаманд тагнуулын мэдээлэл өгөх зорилгоор хамтарч ажиллаж буй гэв. Йемений Ерөнхийлөгч Хади АНУ-аас тусламж хүссэн гэдгээ мэдэгдсэн ч тус улс оролцох бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
Degdeed olon jil bolj bna sh dee malaa
2015-04-07
Зочин:
иргэний дайн биш шашины урсгал, үзэл суртлын дайн дэгдээд байна. өдөөн турхирагчид нь бол ану болон нато . ану хичнээн олон оронд дайн үүсгэж баяжиж байна да.
2015-04-07