”Дэлхийн цом”-ын төлөө өрсөлдөх манайхан
2015-04-07

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын төлөөх эрэгтэй багуудын тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

Тэмцээний 57 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Д.Цогтбаатар, 61 кг-д "Хасу-Мегастарс" клубын бөх Б.Нэмэхбаяр нар анх удаа хүч үзнэ. Харин 65 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ДАШТ-ий хошой хүрэл медальт, азийн наадмын аварга гавьяат тамирчин Г.Мандахнаран, 70 кг-ын жинд "Харгант-Цамхаг” клубын  Б.Анхбаяр, 74 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин П.Өнөрбат нар барилдана.

 

"Ганьт" клубын тамирчин олон улсын хэмжээний мастер, азийн аварга  Д.Хүдэрбулга 96 кг-д, 125 кг-ын жинд "Сүлд" спорт хорооны бөх Ж.Чулуунбат хүч үзэх юм. Эдгээр тамирчин тус бүр хоёр дахь удаагаа "Дэлхийн цом"-д хурд, хүч сорих гэж байгаа билээ. Дасгалжуулагчаар Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, шигшээ багийн дасгалжуулагч гавьяат тамирчин Б.Баяраа, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч О.Пүрэвбаатар нар ажиллаж байгаа.

 

Монгол Улсын багийн ахлагчаар О.Баянмөнх /МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/, Албаны төлөөлөгч П.Бат-Эрдэнэ /Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга/, Шүүгч Ц.Сэрээтэр /МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч/, Эмч Ч.Насанбат /БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч/ нар оролцох юм.

 

Манай эрэгтэй баг өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд багаараа зургаадугаар байр эзэлж долоо дахь удаагаа "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцож байна. Дэлхийн цомын төлөө тэмцээнд өнгөрсөн жил 10 баг оролцож байсан бол энэ удаа найман баг өрсөлдөнө.



Монгол Улсын эрэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд өмнө нь зургаан удаа оролцохдоо хоёр удаа II, IY байр, нэг удаа III, Ү байр эзэлж байсан юм.

 

Б.Бэхи
 

Shuud.mn
Сонин хачин