Ж.Мөнхбат: Г.Алтан МАН-ыг шүүхэд өгөөгүй
2015-04-07

Лениний музейг  МАН-ын өмчөөс чөлөөлж, төрийн өмч болгосон.  Гэтэл Лениний музейг барьцаалан МАН нэг сая ам.долларыг иргэн Г.Алтангаас авсан байжээ. Үүнтэй холбогдуулан иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын ордонг авахаар МАН-ыг шүүхэд өгсөн тухай мэдээлэл гарсан. Энэ процесс ямар шатанд яваа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулахад:

 

-Иргэн Г.Алтан МАН-ын Тусгаар тогтнолын ордныг авах гэж шүүхэд хандсан талаар мэдээлэл авсан. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдөр иргэн Г.Алтан гэж ямар ч хүн МАН-ыг шүүхэд өгөөгүй. Тусгаар тогтнолын асуудлыг авахаар нэхэмжлэл гаргасан нэг ч иргэн байхгүй гэдгийг залруулж хэлье.

 

-Лениний музейг барьцаанд тавиад иргэн Г.Алтангаас 1 сая ам.доллар зээлсэн мэдээлэл худлаа юу? Уг асуудалтай холбоотой ТӨХ-оос  Лениний музейг авч чадахгүй байна гэж байсан.

-ТӨХ-ны шийдвэр гарсантай холбоотой МАН Лениний музейгээ төрд өгсөн. Үүнийг Үлэг гүрвэлийн музей болгоно гэсэн үндэслэлээр төр авсан. Гэтэл саяхан музей биш өөр зориулалтаар ашиглахаар болсон тухай сураг сонсогдож байсан. Г.Алтан гэдэг хүн МАН-ыг шүүхэд өгсөн асуудал байхгүй. Тусгаар тогтнолын ордонтой холбоотой ямар нэг нэхэмжлэл гаргаагүй гэж хэлсэн.

 

-МАН иргэн Г.Алтангаас мөнгө зээлсэн үү?

-Музейг барьцаанд тавьсан зүйл байхгүй. Музейг төр өмчдөө авсан. Төрийн өмч болоод явж байгаа. Ер нь МАН нэг байраа төрд буцааж өгсөн. АН-ыг бүрдүүлж байгаа таван улстөрийн хүчин ч мөн НИТХ-ын шийдвэрээр дөрвөн байр өгсөн. Яагаад АН-д өгсөн дөрвөн байрны нэгийг төрд буцаан өгч, хүүхдийн эмнэлэг болгож болохгүй гэж. Дээрх байрнуудаас банкны барьцаанд тавьчихсан, зарчихсан асуудал ч байгаа шүү дээ. “Номхон тэмээ ноолоход” амар гэдэг шиг байр өгөх шийдвэр гаргасан, бид өгсөн.

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин