Онгоцны буудал барих нэмэлт санхүүжилтийг дэмжив
2015-04-07

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн юм.

 

Эдийн  засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч уг асуудлын талаарх зарим танилцуулга, материал дутуу, ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж буйгаа байнгын хорооны дарга мэдэгдлээ.

 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 

Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас жилийн 1.25 хувийн хүүтэй 23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хүрээнд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг 11.4 сая ам.долларыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх юм байна.

 

Ингээд төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хэлэлцүүлж соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

 

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

 

Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 онд  гэрээ байгуулсан аж. Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авахаар болжээ. Нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна.

 

Ингээд Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин